Эмээ өвөө хоёртоо

|

Энгүй сайхан ухаан билгээ
Элбэрэлт үрсдээ хайрлагдсан
Энэ орчлонгийн түшиг болсон
Эмээ өвөө хоёртоо

Эмээ өвөө хоёр нь хүүхэд бүхний хувьд нөмөр нөөлгө, түшиг тулгуур, сайн найз мөн багш нь байдаг гэж би боддог. Хүүхдэд эцэг эхийнх нь өгч чадаагүйг өгдөг ачит хоёр буурлууд минь та хоёр билээ. Цэцэрлэг сургуульд сурч эрдэм ном өвөртөлж явахдаа эмээ өвөөгийн тухай шүлэг сонсоод өөрийн эрхгүй та хоёр минь өр зүрхний гүнд мэдрэгддэг. Нутгийн буурал өвгөчүүд таньтай минь төстэй харагдана өвөө минь. Нуурийн хун шувууд тань шиг үзэсгэлэнтэй харагдана эмээ минь.

Гаднаа би баяр баясгалантай жирийн нэгэн охин боловч дотроо надад дутуу зүйлүүд зөндөө бий. Эмээ өвөөдөө эрхэлж байгаа найзуудаа хараад би атаархдаг байсан. Олон жил өнгөрсөн болохоор та хоёрийн минь орон зайг надад эцэг эх минь нөхөж өгсөн. Анхнаасаа байгаагүй болохоор алдахын зовлонг үзээгүй. Өвөө эмээ гэх ачит буурал хөгшиддөө эцэг эхийг минь төрүүлсэнд тань баярлалаа. Зургийн цомгийг харахад надад зөвхөн инээж байгаа төрх тань харагддаг харин би та хоёрынхоо инээж уурлаж байгааг тань харахыг хүсдэг.

Өвөө эмээдээ эрхэлж хийсэн гэмээ нуулгаж, нулимсаа арчуулж үзэх юмсан гэж би дандаа боддог байсан. Тэгэхдээ та хоёр минь надад өөрийнхөө өмнөөс сайн найз нөхдийг явуулсан байх гэж боддог. Та хоёр минь үгүй ч надад юугаарч солишгүй олон зүйл бий.

Та хоёр минь надтай хамт байсан бол юутай сайхан. Ядаж та хоёрийгоо нэг удаа ч болов харж байсан бол би гомдохгүй байсан. Гэхдээ зүгээрээ та хоёр минь өглөөний нарнаар над дээр ирээд духыг минь зөөлөн үнсдэгийг би мэднэ. Үдшийн бүрийд зүүдэнд минь намайг аргадан тайвшруулдагт би баярладаг.

 

10а ангийн сурагч Энэрэл