Хишигдэлгэр: Монголчууд бид мөнх хөх тэнгэрийн хүчин дор оршдог\162\

|

“ Хүн эгэлхэн байх тусмаа бусдын  сэтгэлийг илүүтэй татаж, тэдэнд нөлөөлөх  хүч чадлыг агуулдаг ” гэсэн сайхан үг байдаг. Амьдралын үнэний хуулиар нотлогдсон энэ гүн гүнзгий утга агуулга бүхий мэргэн үгийн үнэ цэнийг агуулсан хүн бол яахын аргагүй бидний эмээ Ч.Баярмагнай билээ.
Миний эмээ 6 сайхан охин, хүү төрүүлж өсгөсөн,17 ач зээтэй, алдарт эхийн I,II одонтой буянтай буурал. Түүний бусдаас ялгарах чанар бол хүнийг дээрд доорд, хөгшин залуу гэж ялгалгүй хүнийх нь хувьд хүнлэг сайхан сэтгэлээр хүндэлж, өөртөө байгаа юм бүхнээр харамгүй тусалж дэмжих явдал билээ.
Тийм ч учраас үр хүүхдүүддээ “Хүний хэлсэн ямар ч үгэнд муу юм бүү сана.Харин хариуд нь тэр хүнтэй нийтэч, халуун дотно сайхан харьцаатай бай. Аливаа юмыг байхгүй, бүтэхгүй байна гэж санаагаа бүү чилээ. Болно, бүтнэ гэсэн өөдрөг сэтгэлээр хандаж, хүнд сайн санаж явбал зорьсон хэрэгтээ хүрч чадна ” хэмээн сургадаг билээ.
Эмээгийн минь  сүү мэт цагаан цайлган сэтгэл, өгөөмөр халуун хайраа өөрийн болоод өрөөлийн хэнд ч харамгүй зориулж чаддаг хүнлэг нинжин чанар нь бодит амьдрал дээр биелэлээ олж “ Замаг сайтай нууранд загас бүхэн цугладаг.Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг ” шиг хүн бүхний итгэл хүндэтгэлийг  хүлээж, бурхнаас заяасан алтан гарынхаа увдис, эрдэм чадлыг олон түмэндээ харамгүй зориулж, бариа заслаар тус дэм болж явна. Нялх балчраас эхлээд настан буурлын хэний ч болов алгыг нь дээш харуулан өгсөн  атга ааруул, чихэр жимс нь ямар амттай байдаг гэж санана.
Эмээ минь намайг бүр багад “ Монголчууд бид мөнх хөх тэнгэрийн хүчин дор оршдог учраас байгаль, эх дэлхий, бурхан тэнгэртээ сүслэн залбирч явах учиртай. Хүн бүрийн од тэнгэрт байдаг юм. Чинийх тэр “ Тэнгэрийн эрх ” гэдэг од. Энэ одыг орой бүр харж  шүтэж яваарай” гэж захиснаар хүн гэдэг нь ерөөсөө  байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой байдгыг  би ойлгож авсан. Эмээ минь өглөө болгон алтан нар,  орой бүр “ Долоон бурхан ” одондоо  цайныхаа дээжийг өргөн, үр хүүхэд бүрийнхээ сайн сайхны төлөө сүслэн залбирсаар явна.
Зүс үзээгүй, нэр үл мэдэх танихгүй хүн зориод очсон ч инээгээд угтах сайхан сэтгэлт эмээ минь эдүгээ Улаанбаатар хот , Завхан аймагт  үр хүүхэд, ач зээ нартаа үг сургаалаа хайрлан, аж амьдралд нь  ач энэрэлээ үзүүлэн, олон түмэнд  тус дэм хайрлан, үлгэр дуурайлал болсон хэвээр  энх тунх амьдарч байна.
   Бичсэн:

Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил сургуулийн

                                  11 б ангийн сурагч, зээ охин Б. Хишигдэлгэр

                                    Чулуунхүүгийн Баярмагнай ,Батбаатарын Хишигдэлгэр