СҮҮ, ЧУЛУУ, САЛХИ ГУРАВ ДАЙГДСАН ЗАХИАС /159/

|

НЭГ. Сүү дайгдсан захиас буюу Цагаан сүүний ургамал гэдгээ санаж яв.

Амьд бүхнийг ургамал гэвэл би цагаан сүүний ургамал. Хиртэшгүй ариун, халдашгүй нандин, хамгийн гэгээхэн тийм л сүүгээр тэжээгдэж ургасан би. Иймийн учир, ижий минь надад “хүмүүн бүхэнд сайныг санадаг, сайхныг хүсдэг, аз ерөөдөг, жаргал бэлэглэдэг, яг л сүү шиг гэгээн, ариун нандин сэтгэлийг үргэлж тээж яваарай” хэмээн сүү дайлган байж захисан билээ.

ХОЁР. Чулуу дайгдсан захиас буюу Хөх тогорууны үр гэдгээ бүү март.

Хөх тогоруу дэгдээхэйгээ хөвөн дээр бус хадан дээр өсгөдөг гэсэн. Замын дундаас буцаж ирэх хар өнжүүл бус, зорьсон газартаа халин очих хөх тогоруу болоосой гэсэндээ тэр юм гэнэ лээ. Ингэхийн учир ижий минь надад “Хэцүү бүхнийг сөрж, хатуу бүгдийг хагалдаг хад чулуу шиг, эхэлснээ дуусгадаг, зорьсондоо хүрдэг хөх тогоруу шиг байгаарай” хэмээн чулуу дайлган байж захисан билээ.

 ГУРАВ. Салхи дайгдсан захиас буюу Хилчин аавын үргэлжлэл гэдгээ ухаарч ойлго.

Эх орон, эр цэрэг. Ижий бид хоёрын амьдралд хамгийн ойр байдаг нь энэ хоёр. Хилчин аав минь хилээ дархалж, эх орондоо зүтгэсэн алдар гавъяа нь одоо ч буй. Мөнхөд буй байсаар ч байх болно. Тиймийн учир, ижий минь надад “эцэг шигээ иртэй, бяртай, гавъяатай, гайхамшигтай, хамгийн өндөрт хүрэн шуургалж чадах салхи шиг амьдараарай” хэмээн салхи дайлган байж захисан билээ.