Ирина: Эцэг эхийнхээ ачийг хариулж чадахгүй ч тэднийгээ халамжилж, сэтгэл санааг нь амар тайван байлгах нь чухал юм./190/

|

Ч.Ирина миний бие 1942 онд Говь-Алтай аймгийн Тэнгэр сумын нутагт төрсөн. Бага насаа эцэг эхийн асрамжинд өсч хүмүүжээд улмаар, бага дунд сургууль төгсөөд Анагаах ухааны дунд сургуулийг 1964 онд төгсөөд, эх барих бага эмчийн мэргэжил эзэмшээд хотын нэгдсэн эмнэлэгт бага эмч, боловсон хүчний эрхлэгчээр ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин ирж, 2-р Амаржих газар бага эмчээр тус тус эх нялхасын байгууллагад 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгаад насны чөлөөнд суусан. Ажилласан хугацаандаа Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медаль, Эрүүлийн хамгаалахын хүндэт жуух, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 6,7,8-р таван жилийн гавшгайч зэргээр шагнагдаж ажилласан. Миний бие 4 хүүхдийг төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд маань хуульч, орчуулагч, хөгжимчин зэрэг мэргэжлээр ажиллацгааж байна.

Эх хүний хувьд, үр хүүхэд, ач гуч болон залуусдаа сургамжлан зөвлөхөд:

1. Эцэг эхийн хайр халамж, ачийг хүндэтгэн дээдэлж, тэр их ачийг хариулж чадахгүй ч гэсэн тэднийхээ эрүүл мэндийг анхааран халамжлан асарч, сэтгэл санааг нь амар тайван байлгах нь чухал юм.
2. Үр хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд өөрсдөө эрдэм номд шамдан суралцаж, сурч мэдсэн зүйл, эцэг эхээс уламжилж ирсэн баялаг туршлагыг үр хүүхэддээ зааж амьдрах ухаанд сургах.
3. Өвчин зовлонтой бие дааж амьдрах чадваргүй өнчин ядуу хүмүүс, хүүхдэд гар сунган тусалж энэрэнгүй сэтгэлээр хандах   
4. Ажил амьдралаа дээшлүүлж, сайн сайхан амьдрахын тулд, өмнө тавьсан зорилготой өөртөө байгаа бүхий л бололцоогоо бүрэн дайчлан ашиглаж, өөртөө асар их ачааг үүрч тэр ачааг дааж, даван туулж, сэтгэлийн их тэнхээтэй байж амьдрах нь юунаас ч илүү чухал, буянтай ажил юм шүү гэсэн ухаант мэргэдийн сургаалаас ишлэл татан ийнхүү зөвлөж байгааг минь тунгаан болгооно гэдэгт найдаж энэхүү зөвлөмж, сургамжаа өндөрлөе.

Та нарыг хүндэтгэн энэхүү эцэг эхийн үнэтэй сургамжаа хайрласан ном бүтээж, асар их буянтай ажил үйлс бүтээж байгаад тань баярлан талархан ажил үйлс, амьдралд тань амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Чоён овогтой Ирина