Эрүүл амьдралын үндэс зохистой хооллолт

|

Зохистой хооллолт гэдэг нь заавал эмчийн зааврын дагуу идэж хэрэглэх ёстой хоол хүнс биш юм. Харин бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай шимт бодис агуулсан хоол хүнсийг нас, хүйс, байгал, цаг уур, ахуйн нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн байдалдаа зөв тохируулан хэрэглэхийг л зохистой хооллолт гэнэ. 

1. Олон нэр төрлийн хоол, хүнс хэрэглэхэх

Шимт бодисын агууламж нь хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн уураг, өөх тосоор баялаг, сүү, сүүн бүтээгдэхүүн уураг, эрдэс бодисоор баялаг үр тарианы бүтээгдэхүүнүүд нь нүүрс усаар баялаг байх жишээтэй. Нэг буюу цөөн төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дагнан хэрэглэх нь аль нэг төрлийн шимт бодисыг хэтрүүлэн хэрэглэх эсвэл дутагдалд өртөх эрсдэлтэй. Мөн үндсэн шимт бодис, аминдэм, эрдэсийн хэрэгцээгээ бүрэн хангах боломжгүй юм.

2. Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах.

Хүн өөрийн ажил мэргэжил, хөдөлгөөний идэвхи, нас, хүйс, эрүүл мэндийн байдалдаа тохируулан хоол, хүнсээр хоногт авах нийт илчлэгийн хэрэгцээгээ тооцон хянах шаардлагатай. Та өөрийн хэрэгцээнээс илүү их хэмжээтэй илчлэг бүхий хоол, хүнс хэрэглэх нь илүүдэл жин, таргалалтад хүргэх бөгөөд улмаар чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдраар өвчлөх эрсдэлтэй.

3. Шимт бодисын агууламж нь зохистой харьцаатай байх.

Хоногт хоол хүнсээр авах нийт илчлэгийг 6 хэсэгт хуваавал, түүний нэг дэхь хэсэг нь уураг, хоёр дах хэсэг нь өөх тос, гурав дах хэсгийг нүүрс уснаас авч байвал таны хоногт хэрэглэх хоол, хүнс зохистой харьцаатай байна гэж үзэж болно. Иймд төрөл бүрийн хоол, хүнсийг хооронд нь зөв зохицуулан, хослуулж хэрэглэх шаардлагатай.

Жишээ: Мах, махан бүтээгдэхүүнийг дагнан хэрэглэх нь уураг, өөх тосны илүүдэл хэрэглээнд хүргээд зогсохгүй хоол боловсруулах эрхтэнд хэт их ачаалал өгч үрэвсэл, шархлаа үүсгэх, эрсдэлтэй. Түүнчлэн биед хорт бодис хуримтлагдах, судас хатуурах, таргалах, хорт хавдраар өвчлөх эрсдэлд хүргэдэг. Иймээс хоногийн нийт илчлэгийн дийлэнх хэсгийг нүүрс ус буюу үр тариан бүтээгдэхүүнээс авбал зохистой.

4. Зохистой хэмжээтэй.

Мах, махан бүтээгдэхүүнийг дагнан хэрэглэх нь уураг, өөх тосыг хэтрүүлэн хэрэглэх, хүнсний ногоо, жимсийг бага хэрэглэснээр аминдэм, эрдэс бодис, эслэгийн дутагдалд хүргэж, улмаар хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны өвчин үүсэх эрсдэлтэй.

Бага насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүд сүү цагаан идээг бага хэрэглэх нь яс сийрэгжилт, шүд цооролт, Д аминдэмийн дутагдалд өртөх эрсдэлтэй.  

 

Эх сурвалж: Эрүүл амьдрах жор сэтгүүл