Нүүрээ хооллоё, хүүхнүүд ээ!

|

Зургийн эх сурвалж: google.com

Хүүхнүүд бид их сонин улс шүү? Хөргөгчинд нь нүүрний арьсны натурал “хоол” төрөл бүрээрээ бэлээхэн байж байхад, түүнийгээ огт тоохгүй, заавал үйлдвэрийн, элдэв химийн хольцтой, яав ч натуралаас долоон дор маскуудыг авна. Өргөст хэмхний, ногоон цайны мэтийн энгийн маскуудыг дэлгүүрээс авах хэрэг юу байна? Өөрөө өргөст хэмхийг хэрчээд, үрээд, эх орныхоо тайгын ургамлаар хийсэн ногоон цайг хандлаад нүүрэндээ “зоог баривал” нүүрний тань арьсанд хавьгүй илүү үр дүнтэй тусах биш үү?

Ямар ч айлын хөргөгчийг онгойлгоод үзэхэд хэд хэдэн төрлийн энгийн натурал маск хийж болох хүнсний бүтээгдхүүн байж л байгаа. Зөөхий, аарц, зөгийн бал, өндөг, ургамлын болон цөцгийн тос, цай, төрөл бүрийн жимс, ногоо…ммм… гээд л арьс маань “амаа олохгүй идэхээр” амттан танайд байж л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо нэг жаахан нүүр хүзүүний арьсаа баярлуулбал яасан юм бэ, алийн болгон ходоодоо л баярлуулахав? Байгалийн сайхан жимс боловсорч байна, цаана чинь, энэ сайхан натурал витаминыг ходоодоор дамжуулалгүй, нүүрэндээ шууд хүртээвэл хөөрхий минь яасан их баярлах бол? Үүнд ажил ороод байх юм байхгүй, идэж байгаа жимсээ нүүр хүзүүндээ нялаад хэдэн минут байлгачихад л хангалттай.Энэ бол хамгийн энгийн маск боловч ач тус нь танд гологдохгүй, ямар ч үйлдвэрийн маск, нүүрний тос болон бусад нүүр арчилгааны бүтээгдхүүнээс илүү их үр дүн өгнө. Болж л өгвөл нүүрэндээ маск тавьж байхыг эрхэмлэвэл та өдрөөс өдөрт “царай орсоор” байх вий. Маскны тусламжтайгаар нүүрний цусан хангамжаа нэмэх, арьсныхаа үхэжсэн эд эсүүдийг зайлуулах, хялгасан үрчлээснүүдээ арилгах, өрөвслийн процессийг эдгээх, нүүрнийхээ булчинг чангаруулах, арьсаа уян зөөлөн болгох, арьсныхаа ядаргааг тайлах гээд хүссэн үр дүндээ хүрч болно.

Маскийг дотор нь цэвэрлэх маск, тэжээлийн маск, сэргээх маск, арьс гуужуулах маск, цайруулах маск, арьсны тослогийг багасгах маск, чийгшүүлэх маск, тайвшруулах маск, эмчилгээний маск  гэх зэргээр ангилдаг. Нэгэн зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг /цэвэрлэх,тэжээх,зөөлрүүлэх,цайруулах, тайвшруулах г.м./ маш олон хувилбараар маскийг хийж болно. Ямар маскийг сонгох нь яг одоо та ямар үр дүнг сонирхож байгаагаас, мөн жилийн улирал, таны нас, арьсны тань шинж чанар зэргээс шууд хамаарна. Тэжээлийн маскуудыг ямар ч хүн гэртээ хийгээд тавиад байж чадах тул танд хэдэн зөвөлгөө болон маскны жор хүргэе.

Мэдээж, арьсыг хамгийн сайн тэжээдэг маскууд бол жимс, ногооны маск гэдэг нь ойлгомжтой. Шинэхэн натурал витамин, эрдэс бодиснууд… Элдэв “витаминтай” гэх тос, үйлдвэрийн масктай жишээд ч хэрэггүй. Жимс ногооны маскийг тослог, үрчлээтсэн, сэвхтсэн арьсанд ямар ч хольцгүйгээр тавьж болно. Харин хуурай арьсанд бол ургамлын тос, цөцгийн тос, зөөхий зэргийг нэмэх хэрэгтэй. Цочромтгой эмзэг арьсанд ус болон сүүгээр шингэлж тавьбал зохино. Зөөлөн жимс жимсгэнийг халбагаар нухна, хатууг – үрүүлд үрнэ. Эсвэл маш нимгэн зүснэ. Маскийг бэлдэнгүүтээ тэр дор нь хэрэглэх хэрэгтэй. /агаарт витамин маш хурдан задардаг/ Өтгөн маскийг хуванцар хусуураар, хуруугаараа, эсвэл багсаар түрхэнэ. Шингэнийг, хэд давхарласан марланд, эсвэл зориулалтын бэлдэцэнд шингээж нүүрэндээ тавина. Зөгийн балтай маскийг болгоомжтой хэрэглээрэй. Харшил өгөмтгэй эд. Эхлээд чихнийхээ ард түрхээд 15 минут байлгаад үзээрэй. Ер нь хэрэглэж үзээгүй маскийг эхлээд чихнийхээ ард туршаад үзсэн нь өлзийтэй.

Маск тавихын өмнө нүүрээ сайн цэвэрлэнэ. Халуун бигнүүр тавьж арьсаа эхлээд бэлдвэл мэдээж хавьгүй илүү үр дүнтэй байх болно. Тэгээд маскаа түрхээд болж өгвөл хэвтэх нь зүйтэй. Юм ярихгүй тайван хэвтвэл сайн.

Маскийг 15-20 минут тавихад л хангалттай. Энэ хугацаанд арьс өөрт хэрэгтэй бодис, үйлчилгээгээ бүрэн авч амждаг тул удаан байлгах шаардлага байхгүй, харин ч муу талтай: арьс сунах, ядрах зэрэг үзэгдэл гардаг.

Хугацаа дуусмагц, маскаа нойтон алчуур, эсвэл норгосон хөвөнгөөр хөнгөн арчиж аваад, нүүрээ эхлээд бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар зайлаарай. Угаах биш, зайлах юм шүү: нүүрэндээ өгсөн тэжээлээ буцаагаад угаагаад авчихвал ямар хэрэг байхав дээ? За тэгээд шаардлагатай бол тосоо түрхэнэ.

Хуурай арьсанд зориулагдсан масканд ургамлын тос орох нь элбэг. Энд ямар ч ургамлын тос байж болох боловч, хамгийн их витамин болон бусад ашигтай  бодисыг оливын тос өөртөө агуулж байдаг тул ургамлын тосны хаан-оливын тосыг хэрэглэвэл сайн. Мөн нохойн хошууны үрний тос, төрөл бүрийн самрын тос ч байж болно.

Маскийг тань бүрдүүлж байгаа бүх бүтээгдхүүн экологийн цэвэр бүтээгдхүүн байх ёстойг хэлээд хэрэггүй биз? Эрээнээс ирдэг чанаргүй өргөст хэмхээр нүүрээ хордуулаад яахав. Зун намарт байгалийн жимс, ориг ногоо боловсрох үеээр нүүрээ сайтар хооллож авч байх хэрэгтэй байх.

Аливаа маскийг бэлдэхдээ хольцуудаа бага багаар хийн тасралтгүй хутгаж нэгэн жигд болгоод аль болох хурдхан шиг нүүрэндээ тавиарай. Дөнгөж хөргөгчнөөс гаргаж ирсэн бүтээгдхүүнээр маск зуурч байгаа бол халуун усан дотор тавьж бүлээсгэхээ мартуузай. Танд амжилт хүсье!

Эх сурвалж: Оросшколтон. мн