Та өдөрт заавал жимс ногоо идээрэй.

|

Магадгүй та гайхаж буй байх. Жимс болгон цаанаа нууцтай гэхээр. Тэгвэл цайвар тунгалаг, гүн өнгөтэй жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь аминдэм, үл исэлдүүлэгч, бусад шим тэжээлт эрдэс бодисыг их хэмжээгээр агуулсан байдаг. Өнгөнөөсөө хамааран янз бүрийн ашиг тусыг өгдөг ажээ. Тиймээс танд дараах нууцыг тайлж байна. Харин та жимс, ногооны хэрэглээ хоногт идэх нийт хоол хүнсний гуравны нэгийг эзлэх ёстой гэдгийг мартав. Өөрөөр хэлбэл, та өдөрт таван удаа жимс, ногоо хэрэглэхийг хичээгээрэй. Энэ нь тийм ч боломжгүй зүйл биш юм. Та жимс, ногоог шинээр нь, хөлдөөсөн, лаазалсан, хатаасан байдлаар сонгож болно.

НОГООН ӨНГӨТЭЙ НАВЧИТ УРГАМАЛ ЦУСАН ХАНГАМЖ САЙЖРУУЛДАГ

Тод ногоон өнгөтэй навчит ургамалд кальци, магни, төмөр, кали, цинк зэрэг химийн элементээс гадна A, С, Е, К зэрэг аминдэм агуулагддаг учир хүний биеийн цусан хангамж, амьсгалын системийн үйл ажиллагааг сайжруулдаг ажээ. Иймд салатны навч, байцаа, хятад байцаа, ногоон чинжүү гэх мэт ногоон өнгөтэй навчит ургамлыг хоол, хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

ЖИМС ИХ ХЭРЭГЛЭВЭЛ ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨХГҮЙ

Энд, тэнд өвдлөө гээд эм их хэрэглэдэг хүмүүс энэ тухай сонсоод эргэлзэж байж мэдэх юм. Тэгвэл энэ үнэхээр үнэн гэдгийг орчин үеийн анагаах ухаан батлаад байна. Учир нь төрөл бүрийн жимс, жимсгэнэ нь эрүүл хоолны дэглэм барихад амин чухал ач холбогдолтой гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд судалжээ. Жимсний агууламжид ислэг, аминдэм, үл исэлдүүлэгч их хэмжээтэй агуулагдсан байдаг учраас хорт хавдраас сэргийлдэг гэж байна.

Харин манайд ургадаг нэрс, үхрийн нүд, аньс зэрэг нь С, РР, В бүлгийн аминдэмээр баялаг тул чихрийн шижин, зүрх судасны хатуурлаас сэргийлэхээс гадна биеийн дархлааг сайжруулдаг ажээ. Тиймээс та зуны цагт эдгээр жимс, жимсгэнээс боломжоороо нөөцөлж авахыг хичээгээрэй. Мөн импортоор гаднаас нийлүүлэгддэг алим, жүрж, усан үзэм, улаан, хар чавга, гадил, хан боргоцой гэх мэтийн жимсийг аль ч улиралд худалдан авч, хэрэглэх нь тохиромжтой юм.

ЧАЦАРГАНА БОЛ БАЙГАЛИЙН АНТИБИОТИК

Монголд ургадаг жимс, хүнсний ногооноос онцолж магтах нэг жимс байна. Тэр бол чацаргана. Орчин цагийн анагаах ухаанд аминдэмийн зоорь хэмээн нэрлээд байгаа энэ жимс хүний биед хэрэгтэй бүх л төрлийн витаминлаг чанарыг өөртөө агуулдаг ажээ. Тухайлбал, С аминдэм 360 мг, каротин 350 мг, Е аминдэм 165 мг, фолийн хүчил 0.8 мг, В1, В2, Р аминдэмийг агуулдаг байна. Мөн үр жимсний ес хүртэлх хувьд нь биологийн үнэт чанартай тос агуулагддаг аж. Түүнчлэн төмөр, бор, цахиур, титан, магни зэрэг 15 төрлийн эрдсийг агуулдаг байна. Орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд чацарганыг бодисын солилцоог эрчимжүүлэх, бие махбодыг чийрэгжүүлэх, үрэвслийн эсрэг гэх мэт олон зориулалтаар ашиглаж байна.

 

 

Эх сурвалж: Зууны мэдээ