​Найзыгаа баярлуулах нэг өдөр

|

Хэцүү үед хэзээд хажууд чинь байдаг, уйлахад нулимсыг чинь арчиж өгдөг, өөрөөс нь шалтгаалаагүй асуудал үүссэн ч чиний төлөө санаа тавьж зөвлөдөг, загнидаг, танайд ирэхдээ чамайг уух юм аягалж өгөхийг хүлээлгүйгээр шууд л хөргөгчийг чинь уудалдаг тийм найз чамд байдаг уу?

Арван жилийн, их сургуулийн, ажлын газрын гээд амьдралын “эргүүлгүүд”-ээс олон найз нөхөдтэй болох боловч тэдгээрээс тунаж үлдсэн найз тийм ч олон байдаггүй. Жаргал, зовлон, баяр, гунигийн алинд ч тэр чамтай хамт байдаг. Гэсэн ч хэзээ ч чамаас хариу нэхдэггүй. Харин ч чамайг жаргалтай байвал дагаад баярладаг ийм л “эрдэнэ” шиг хүнээ баярлуулах цаг болсныг гоолингоо сануулж байна. Яагаад заавал найзынхаа төрсөн өдрөөр, жилдээ ганц удаа түүнийг баярлуулах ёстой гэж.

Алхмууд:
- Дэвтэр аваад найзтайгаа үдсэн он жилүүдэд болсон хөгжилтэй явдал, саад бэрхшээлийг хэрхэн хамтдаа туулсан тухай дурсамжаа бичээрэй. Мөн сэтгэлийн үгээ бичиж болно. 

- Эсвэл найзтайгаа авахуулсан зурагнуудаараа slideshow юм уу бяцхан хэмжээний кино хийж үзүүлж болох юм. Хэрэв олуулаа нийлдэг бол, найзуудаараа нийлж илүү том сюрприз бариарай.

- Найзыгаа болзоонд урь, аль эсвэл багахан хэмжээний “жүжиг” тавь. Түүн рүү утасдаад ямар нэгэн шалтаг хэлээд яаралтай ирэхийг гуйгаарай. Гол нь түүний санааг яльгүй зовоох хэрэгтэй. Гэхдээ хурал, шалгалт гэх мэт түүний хойшлуулшгүй ажлыг хүндэтгэх хэрэгтэй шүү. 
- Түүнийг тэврэлтээр угтаарай. Хамтдаа хоол идэх, зургаа авахуулах, багын дурсамжаа санаж сааданд сууж зайрмаг идэх гээд хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх зүйлсийг хийгээрэй. 
- Найзтайгаа анх яаж танилцаж, хэрхэн найзууд болж байсан тухайгаа санадаг уу? Хэрэв санадаггүй бол найзтайгаа хамт санах гэж хичээгээрэй. Энэ ч зугаатай ажил шүү. Хожигдсон нь тооцоогоо төлж ч болно.

Хамгийн гол нь нэгэн өдрийг найздаа зарцуулж тэр хүн чиний амьдралд ямар чухал хүн болохыг мэдрүүлэх зорилготой юм. Хүний амьдралд найз олон байдаг боловч Жинхэнэ найз ховор байдаг. Чиний хувьд НАЙЗ хэр үнэ цэнэтэй вэ?