Амжилтанд хүрсэн эрэгтэй хүн бүрийн ард гайхалтай бүсгүй хүн байдаг

|

Хүн бүхэн  сайхан гэр бүлийг  хүсэж мөрөөддөг боловч сүүлийн үед гэр бүл маш их ганхаж, эрчүүд маань гэр бүлдээ анхаарал хандуулах нь багасаж байна. 

Сайн сайхан гэр бүл гэдэг тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр нөхрийн хэн хэн нь сайтар анхаарах хэрэгтэй. Энэ нь асар их хүчин чармайлт, ур чадвар шаарддаг зүйл. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү ур ухаан шаардах болно. Сайхан гэр бүлтэй болохын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй.

Иймд та бүхэн доорх зүйлийг гэр бүлдээ мөрдлөгө болговол танай гэр бүл дэх уур амьсгал жаахан ч гэсэн халуун дулаан болох болов уу гэж бодлоо. 

1.      Гэр бүлийг чинь юу ч орлохгүй 
Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь тань гэр бүл үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд бас таныг хайрладаг гэр бүлтэй байх хэрэгтэй шүү дээ. Нөхрөө ингэж өндөрт байлгахын тулд эхнэр нь гадаад төрх хийгээд ил харагдах, үл харагдах бүх л байдалдаа анхаарч өөрийн бүсгүй хүн гэсэн дүр төрхөө дээд зэргээр хайрлах хэрэгтэй.

2.      Санал зөрөлдөх, маргаан гарахад эхнэр хүн бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайх хэрэгтэй
Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийдэг байх нь зөв. Үүнд мөн л бүсгүй хүний ухаан илүү чухал. Эхнэр хүн урьтаж баахан тайлбар тавихаасаа өмнө нөхрийнхөө яриаг гүйцэт сайн сонсож бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайдаг байх хэрэгтэй. Нөхрийнхөө хийсэн ажил, хэлсэн үгэнд яаж ч уурлаж, гомдож байсан өөрийнхөө гомдол бухимдлыг нөхөртөө бүгдийг нь  гаргах гэж яарах хэрэггүй эхлээд өөрөө тайвшрахыг оролдох нь чухал, дараа нь зохих арга хэмжээг авч болно шүү дээ.

3.      Ханийнхаа зан төрхөөс сайн зүйлийг нь олж харахыг хичээ
Ямар ч эр хүн магтуулах дуртай шүү дээ. Нөхрийнхөө сайн талыг олж харж, бололцооны хэрээр түүнийг нь ил гаргаж хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талын тухай сонссон, олж мэдсэн хүн түүнийгээ аль болох хөгжүүлж, тордож илүү сайжрахыг хичээдэг. Түүнтэй хамт байхад танд ямар сайхан байдгийг боломж олдох бүрд  хэлж байгаарай. Эр хүний ханьдаа хайртай сэтгэлийг нь магтсанаар та түүнийг өөртөө улам ойртуулах болно. Тэгээд ч ийм магтаал сонссон эр хүн илүү эрч хүчтэй болдог.

4.      Бүх юманд битгий сэтгэл дундуур загнаж бай
Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх юманд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Зарим эмэгтэйчүүд ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед ч бүх юманд л сэтгэл дундуур загнаж үглэж дуулж байдаг. Энэ бол гэр бүлээ “сөнөөх” нэг шалтгаан юм. Зөвхөн бүсгүйчүүд л гэр орны болон гоо сайхны бусад асуудлаар дүүрэн байдаггүй. Эрчүүдэд ч гэр бүлийн, эр хүний, ажил хэргийн түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та өөрийг чинь эргүүлж байсан олон эрчүүдээс бүх зүйлээрээ таарч тохирно гээд түүнийг амьдралын ханиа болгон сонгосон өдрөө эргэн санаарай.

5.      Нөхөртөө итгэл найдвар өгч бай
Эр хүн аав ээжээсээ биш эхнэрээсээ урам зориг авахыг хүсдэг. Нөхөртөө итгэл найдвар өгөх хүч чадал эмэгтэй хүнд бий. Эхнэр нөхөр хоёрын зүрхэнд сайхан амьдрана гэсэн итгэл найдвар байх ёстой. 

6.      Нөхрөө өөрийн бие мэт хайрла
Чи  ямар ч буруу зүйл хийсэн өөрийгөө өө чи одоо гээд ялладаггүй шүү дээ үүнтэй ижил нөхрөө өөрийн бие мэт хайрлаж ямар ч тохиолдолд түүний талд байх хэрэгтэй. Бие биенээ яллахгүйгээр байгаагаар нь хүлээн авч хайрла. Уулыг нүүлгэх хүч чадал, чадвар байгаад энэ дэлхийг эзэгнэж авлаач хайр байхгүй бол юу ч бишээ. Зүрхнээсээ хайрла. Зүрхэнд өөрчлөлт  ирэхэд амьдралд өөрчлөлт ирдэг.

7.       Хүүхдүүдээ зөв сурга
Хүүхдүүдээ аавыгаа хүндэлж, хайрладаг болгон сурга. Хүүхдүүдийнхээ хайрыг өөртөө татахын тулд нөхөртэйгөө тэмцэлдэх хэрэггүй. Өгөөмөр сэтгэлтэй эелдэг даруу, дөлгөөхөн,  байх хэрэгтэй. Хадмуудынхаа ч сайн муу талыг нь тэвчиж, хүндэлж, сайнаар хандаж сурахыг оролд. Хадмуудаа хүүхдүүддээ дайсан мэт ойлгуулах нь бүр буруу. Энэ үг нөхөрт ч хамаатай. Хэдийгээр ил гаргахгүй байгаа ч эцэг эхэд нь сайнаар хандаж байгааг хань чинь ойлгож ухаарч, таны сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийг ойлгож байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Боловсрол гэр бүлээс эхэлдэг учираас үр хүүхэддээ муу муухайг бүү харуул. Тэвчээртэй байцгаагаарай.

8. Чухал асуудлыг битгий ганцаараа, бие дааж шийдвэрлэ 
Гэр бүлтэй шууд холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Харилцан ярилцаж, тохиролцох хэрэгтэй. Хэдийгээр эцсийн эцэст таныхаар шийдвэрлэлээ ч гэсэн нөхөр /эхнэр/ тань өөрийгөө энэ асуудалд оролцсон, хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн, та түүнийг санал бодлыг хүндэтгэн үзэж байна гэдгийг ойлгох нь чухал. Өөрийгөө хүндэлдэг ямар ч нөхөр эхнэр нь гэр бүлийн чухал асуудлыг өөрөөс нь хамааралгүйгээр шийдвэрлэхэд дургүй. Хэдийгээр нийгэмд эр хүн илүү нэр хүндтэй, илүү үүрэг гүйцэтгэдэг боловч яг гэр бүл дотор эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй их хүндрэлтэй тулгардаг байна. “Аман хуур” киног та санаж байгаа биз дээ?

9. Хардлагаа битгий хэтрүүл
Харгүй бүсгүй, тэр тусмаа харгүй эхнэр гэж байдаггүй гэдэг. Харин ямар хэмжээнд илэрч байна гэдэг нь л хамгийн чухал. Хардсанаасаа болоод гэр бүлээ бутраахад хүрдэг тохиолдол цөөнгүй. Гэвч нөхрөө харддаггүй хүн болох гээд огт хамаагүй мэт загнах нь мөн ижил үр дагаварт хүргэдэг.

10. Бүх юм хэмжээтэй
Дээр өгүүлсэн бүхнийг эмэгтэйчүүд маань эмзэг хүлээн авч магадгүй л юм. Гэхдээ эдгээрийг хүлээн зөвшөөрлөө, магадгүй мөрдлөгө болголоо гээд эмэгтэйчүүд боол болдоггүй шүү дээ. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Эцсийн эцэст юу ч хийсэн тэр чинь ханиа, гэр бүлээ гэсэн их хайранд л үндэслэсэн байх ёстой юм шүү. 

Эхнэр нөхөр хоёрын зан чанарын ялгаа:
Эрэгтэй хүн зорилгоо чухалчилж, үр дүн биелэлтийг гол болгож, магтаалыг хүсдэг бөгөөд ямар нэг зүйл тайлагнах нь товч тодорхой, бусадтай өөрийг нь харицуулахад дургүй, өөрт нь итгэл найдвар өгөхийг хүсэмжилдэг байна. Харин эмэгтэй хүн нөхрөөсөө байнга хайр халамж өөрлүүгээ анхаарал хандуулахыг хүсдэг. Мөн сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд үйл явцыг сонирхдог байна./ Байшин барьлаа гэхэд одоо яг хэдэн тоосго өрсөн бол одоо яг яаху гэх мэт/ Эндээс хэн хэн нь нэгийг бодоорой.

Эхнэр хүн эр нөхөр, үр хүүхэд, хамаатан садангаа халамжлах, өөрийгөө хайрладаг шиг хайраар бусдыг хайрлах, нөхрийнхөө сул талыг нь нүдээ аниад өргөрөөдөг /хоол хийхэд нөхөр нь оролцоод байвал хошин маягаар алдаа дутагдлыг ойлгуулдаг/, өөртөө байгаа сайн чанараараа нөхрөө босгон байгуулдаг байх хэрэгтэй.

 Т.Чимэддагва