Батсүмбэрийн асрамжийн газрын ахмадууддаа Мандухай Хатан ХХК сар шинийн бэлгээ барьлаа

Мандухай Хатан ХХК удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулаад Төв аймгийн Батсүмбэрйин асрамжийн газрын ахмадууддаа гарын бэлгээ гардууллаа. Уг асрамжийн газар нь 1925 онд маршал Х.Чойбалсангийн санаач­лагаар “Өнчин ядуусыг тэтгэх газар” нэртэйгээр Хэнтий аймагт байгуулж байсан ч 1965 оноос энэ газарт суурьшсан юм байна.
Өнөөдрийн байдлаар энэ асрамжийн газарт 100 асруулагч байгаагаас 68 нь эрэгтэй, 32 нь эмэгтэй хүмүүс байна.

Улсын асрамжийн газарт асрах хүнгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие ахмад настныг л авна гэсэн заалт байдаг хэдий ч энд насны хязгааргүйгээр зогсохгүй сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч бүгд нэг дор холилдон байгаа нь эндхийн ажилчид төдий­гүй асруулагч ахмадуудад хүндрэлтэй байдаг мэд санагдлаа.

Тэдэнтэй өдрийн хоолны цагаар хамт байж, өрөө тасалгаанд нь орж ярилцах үеэр ерөнхийдөө энд байгаа хүмүүсийн ихэнх нь хэн нэгнийг харуулдсан мөнхийн хүлээлттэй байдаг нь тэдний байгаа байдал, урт уртаар санаа алдаж алсыг ширтэх харц­наас нь мэдрэгдэж байлаа. Санахын зовлон, хүлээхийн бэтгэр­лийг ханатлаа эдэлсэн азай буурлууд­ маань хэн нэгнийг ирэх сурагаар үнэхээр их баярлаж өөрийн ая дуугаа хүртэл бидэнд зориулан дуулж өгсөн билээ. Мөн бидэнд итгэж найдаж өөрийн хүүхдүүдийнхээ сургийг гаргаж өгөөч хэмээн захиж байгааг харахад үнэхээр сэтгэл хөдөлж байлаа.
Хүн та тусгаарлагдсан энэ ертөнцөд сайхан сэтгэл өвөрлөн ирээд нэг үзээрэй. Тэд биднээс чихэр горьдохгүй, сэтгэл л горьдоно…