өөрийгөө ШИЙТГЭСЭН сайн эгч

|

Нэгэн охиныг хорвоо дээр мэндэлж байхад эгдүүтэй хөөрхөн дөрвөн настай охин хамгийн их баярлаж, өөрийгөө хамгийн сайхан дүүтэй боллоо гэж хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг. Тэр эгдүүтэй бяцхан охин нэгдүгээр ангид орохдоо ганц эрх дүүд нь өөрөөс нь гоё тууз байдагыг мэдээд, өхөөрдөм дүүгээ үнсэн байж гуйхад нь дүү нь харамлаж байж билээ. Харин эгч нь гомдохын оронд орчлонд хамгийн хөөрхөн гэж боддог  дүүгээ үнсчихээд өөрийнхөө туузыг ээжээрээ цэцэглүүлээд гүйсэн.

Дүү нь хөлд орж тэнтэр тунтар гишгэж, мөлхөхөөсөө илүү хамгийн мундаг дүү гэдгээ батлан хурдан хурдан гишиглэсээр хамаагүй эрт хөлд орж гэр бүлийнхэн, ах, эгч нараа баярлуулсан онцгой охин байсан гэдэгсэн. Харин тэр жаргалтай хугацаа удаан үргэлжилсэнгүй. Гэрийнхэнийхээ баяр баясгаланг эвдэж, хөөрхий дүү нь өвчин тусаж, 2 суга таягггүйгээр явж чадахгүй болсонд хорвоог зүхээд яалтай.  Хэзээ ч тийм болчихно гэж санаагүй гэрийнхэнийгээ зовлонгын хүнд далайруу чулуу дүүжлээд шидчих шиг болгосон. Гэхдээ амьдрал гэгч сайхан юм хойно 2 суга таягтайгаа ч гэсэн хорвоог туулахаар дүү нь чадлаараа зүтгэж, харин түүнийг хөөрхий эгч нь үүрч дүүрч хаашаа л явна тийшээгээ байнга л авч явдаг байлаа. Эгчийгээ явсан газарт дүү нь хүрэхийг хичээнэ. Хэдий тийм ч аав ээждээ дүүгээсээ болж зөндөө загнуулна.

Хайртай охиноо эдгээчих санаатай хаана л сайн эмч, домч, бариач байна тийшээ аав, ээж 2 нь аваад л явдаг байлаа. Хүмүүс шиг сайхан амьдралд тэмүүлэхээс илүү хөөрхий охиндоо санаа нь зовсон аав ээж 2 нь магадгүй өөрсдийнхөө наслах наснаас бага насалсан байж магадгүй.

Тэд тэнгэрийн орныг зорихдоо охиндоо сэтгэл хорогдож байсан ч хайртай эгчид нь орхиод явж байхдаа харамсаагүй байхаа. Тэр цагаас эхлэн аав ээжээс өв залгамжилсан эд хөрөнгөгүй ядуу оюутан өөрөө л бусдад юм хийж өгч мөнгө олж, ажиллахын зэрэгцээ, оюутан болж ирсэн суга таягтай дүүгээ хүнээс дутаахгүй гэж өөрөөсөө харамлан бүх л өнгөтэй өөдтэй гэснээ дүүдээ өгдөг байсан.

Эгч нь өдөр шөнөгүй ажиллаж харанхуйд ганцаараа Зайсангын гудамжаар дүүдээ сайхан болгоныг аваад оюутаны байрыг зорин дөрвөн жил алхахдаа даарч, айж байвч дүүгээ гэсэн сэтгэл нь дэндүү халуухан байсан санагддаг.

Тиймдээ ч дүү нь хэнд ч муугаараа дуудуулахгүй өөртөө итгэлтэй байж эзэмшсэн мэргэжилдээ өөрийгөө дайчлан 4 жил тэтгэлгээр суралцаж, бас дахин 2 дахь сургуулийнхаа дипломыг амжилттай авч чадсаан.

Дүү нь эгчийнхээ хайр энхрийлэлд бөөцийлүүлж байгаагаа мэддэг болохоор эгчийгээ зовоохыг хүсдэггүй байсан ч 2 суга таяган дээр явахдаа унаж бэртэж, заримдаа үеийн найзуудаасаа дутуугаа мэдрэх бүрдээ уурлаж, гомдож, уйлж хөөрхий эгчийгээ зовооно. Тэр эгчийгээ өрөвдөж хайрлаж байвч түүнийгээ хэлэхээс илүү өөрийгөө л бөөцийлүүлж эрхлээд сурчихсан тэнэг эрх охин байлаа.

Цаг хугацаа явсаар л.... Эгч нь сэтгэл шигээ цагаахан амьдарч байсан болохоор сайхан ханьтай болж өөрийн гэсэн амьдралтай болсон ч, бүхнээ дүүдээ зориулаад хайртай дүүгээ халамжилсаар л. Нөхөр нь эхнэрийнхээ дэндүү сайхан бурханлаг занг нь мэддэг болохоороо бас л хүүхдийнхээ төлөө явж байгаа мэт дүүгийнх нь төлөө зүтгэдэг болсон. Ингээд тэр аав, ээж хоёрыг нь оролсон аав, ээж хоёртой болсон мэт.

Хорвоо дээр ээж нь яаж дүүгийнх нь төлөө зүтгэсээр байгаад насан эцэлсэнийг  мэддэг болохоороо өөрөө хийж байгаа бүхнийгээ ээжийнхээ үргэлжлэл гэж тэр өөрийгөө ШИЙТГЭСЭН сайн эгч.

Хайрт эгч нь гурван хөөрхөн үрийн зулай үнэрлэж, тэднийгээ өсгөх гэж дутуу нойртой, ядруухан биетэй байсан ч хөөрхий дүүгээ хэзээ ч мартаж байгаагүй үнэн сэтгэлтэй тэр эгчийнхээ гавъяагаар өдий зэрэгтэй яваа тэр нэг бүсгүй БИ үүнийг бичиж сууна.

Тэр сайхан эгчээсээ юмаа харамладаг, эгчийгээ заримдаа гомдоодог байсан муу дүү нь би.

Харин сургуульд орчихлоо гээд баярлаад ирж байсан эгчээсээ үсний туузаа харамлаж, муухай ааш гаргаж, заримдаа огт хайргүй мэт загнаж байсан ч түүний хувьд хорвоод заяасан хамгийн ухаантай, хөөрхөн дүүгээ (эгч маань дандаа хөөрхөн дүү, хайртай ганц дүү минь гэж хэлдэг) өөрөөсөө ч илүү хайрлаж, амьдралынх нь замыг нээж өгсөн тэр ухаантай эмэгтэй бол энэ захидлын эзэн МИНИЙ ЭГЧ.

Хэрвээ миний эгч байгаагүй бол би гэдэг хүн хэн байх байснаа үнэндээ  мэддэггүй юм.

Миний анхны сургууль, миний хоёрдахь сургууль, төгсөлт, анхны ажил, анхны цалин... Миний жаргалтай бас заримдаа зовлонтой цаг мөч бүрийн минь алтан зүү байж дандаа зөв чигт зааж сургасан хамгийн эрхэм хүн. Гэсэн хэдий ч баярлалаа талархлаа гэдэг үгийг хэлэхээсээ илүү сэтгэлдээ бэтгэрч, түүнийхээ төлөө жаахан ч гэсэн сайн зүйл хийх юмсан гэж боддог ч, юу хийхээ сайн мэддэггүй тийм муу дүү би.

Гэхдээ миний сайн явааг харах бүрдээ хамгийн их баярладаг ганц хүн бол эгч минь тиймээс одоо дүү нь жаргалтай байгаа болохоор танийгаа хамгийн их жаргалтай байгаа байхаа гэж бодож, найдаж байна.

Миний сэтгэлийн илгээмж гэдэг энэ сайхан үгийг сонсмогц өөрийн эрхгүй эгч минь бодогдож, энэхүү захидлыг бичиж, бичиж суухдаа уйлж суулаа. Хэзээ нэгэн цагт би эгчдээ баярлалаа гэж хэлмээр байдаг ч тэр үг дэндүү бага санагдаад байдаг байсан юмаа. Би ийм эгчтэй төрсөн хорвоогын хамгийн жаргалтай дүү гэдгийг эгч минь мэдээсэй гэж хүссэндээ энэхүү захидлыг бичлээ. Таны минь амьдрал нар шиг гэрэлтэй, хайр шиг үргэлж жаргалтай байг гэж хүсье.  

 

Захидлын эзэн: Миний төрсөн эгч Балдорж овогтой Батхишиг 34 настай. Газрын Харилцаа, Барилга Геодези зураг зүйн газар мэргэжилтэн хийдэг Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг.

Захидал бичигч: Балдорж овогтой Мөнххишиг