Яаж өтгөн үстэй болох вэ?

|

үс сайхан бол зүс сайханМаш олон охид бүсгүйчүүд шингэн үсээ өтгөн болгох хүсэлтэй явдаг. Гэвч тодорхой эмчилгээний чанартай зүйлийг хийлгүйгээр, сэнс, индүү ашиглан хөвсгөр харагдуулах гэж яардаг нь тэдний үсийг бүр л эрч хүчгүй, нарийхан ширхэгтэй, гэмтэлтэй болгож орхидог. Та дараах аргуудыг хэрэглэн үсээ байгалийнх нь аргаар өтгөн болгоорой.

1. Гадилтай үсний маск
Миксерт хоёр гадил хийгээд дээр нь нэг хоолны халбага оливын тос, 3 хоолны халбага майоннез хий. Тэгээд нухаш болтол нь миксердэж үсэндээ гучин минут орчим түрхээд угаана.

2. Ургамлын гаралтай цай уу
Өдөрт 2-3 удаа ургамлын гаралтай цай уу. Энэ нь таны арьсыг шинэчлэхээс гадна илүү бүдүүн ширхэгтэй үс ургуулна.

3. Толгойндоо тогтмол иллэг хий
Үл ялиг бүлээсгэсэн оливын тосоор хуйхандаа тойрог маягаар массаж хий. Хэдэн минутын турш иллэг хийснийхээ дараа халуун усанд зайлж мушгисан алчуураар толгойгоо ороогоорой. Долоо хоногт нэг удаа ийм эмчилгээ хийх нь үсийг өтгөн, гялалздаг болгоно.

4. Сайн арчилгаа
Та үнэхээр л үсээ өтгөрүүлэхийг хүсч байвал үүнийхээ төлөө бага зэрэг хичээх л хэрэгтэй болох нь. Угаасныхаа дараа шууд самнаж, эсвэл алчуураар толгойгоо боолгүй үсэндээ “эрх чөлөө” олго. Мөн өдөр бүр үсээ угааж, шампуньдсанаар та үснийхээ байгалиас заяагдсан эрүүл бүтцийг үхүүлдэг учраас үсний чинь ширхэг нарийсч, гялалзахаа больдог. Мөн хав халуун усанд бүү угаа. Мөн үсээ өтгөрүүлэх эмчилгээг хийх хугацаандаа чангалж боохоос татгалзаарай. Ихэвчлэн задгай тавьж, хавчаараар хавч. Хэрэв та хэтэрхий шулуун үстэй бол зөвхөн үснийхээ үзүүр хэсэгт ангижруулагч түрхэж бай. Сэнс, индүүгээ өөрөөсөө нуу.

5. Витамин, витамин, витамин
Үсээ өтгөрүүлэх бол зүгээр л нэг хумсаа янзлах шиг хэдэн минутын дотор болчихдог зүйл биш. Тиймээс та яг л ямар нэг эмчилгээнд орж байгаа мэтээр өөрийгөө дайчлаарай. 6-8 долоо хоногийн дараанас үр дүн нь мэдэгдэж эхэлнэ. Та нэг төрлийн витаминыг дангаар нь биш мультивитамин уугаарай. Учир нь үс өтгөрөхөд дэм болох маш олон төрлийн амин дэм бий. Жишээ нь С витамин үсийг тань гадны нөлөөлөлд өртөмтгий байхаас хамгаална. Харин А витамин хуйхыг чийгшүүлдэг. Е витамин тархины цусны эргэлтийг сайжруулж, В витамин үс уналтаас сэргийлдэг.

6. Эдгээрийг үснийхээ төлөө хоол хүнсэндээ өргөн хэрэглэ
Шар буурцаг, бүх төрлийн самар, бууцай мэтийн гүн ногоон өнгийн нарийн ногоо, өндөг, загас, сүү цагаан идээ, лууван.

7. Тусгай бүтээгдэхүүн хэрэглэ
Та үс өтгөрүүлэх эмчилгээг хэрэглэж байх хугацаандаа ч шингэн, сульдсан үстэй байхыг хүсэхгүй л байгаа биз дээ? Сэнсдэх, хөвсийлгөгч хөөс түрхэх, индүүгээр угаа босгох зэрэг нь тухайн өдрийн туршид таныг өтгөн сэвсгэр үстэй харагдуулах боловч эдгээр нь таны эмчилгээг үр дүнгүй болгоно. Тиймээс эднээс татгалзаж шампунь ангижруулагчаа зөв сонгох хэрэгтэй юм. Танд Wash&Go-ийн “Сэргээгч Халгай”, Head&Shoulders-ын “Объем от самых корней”, Pantene Pro-V-гийн “Дополнительний объем” бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр нь бүгд таныг дараагийн угаалт хүртэл хөвсгөр хэлбэртэй үстэй хэвээр байлгах болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн