Сайн байна уу Ээж ээ? Та минь алс холын хүний нутаг Чехед сайн сууж байна уу. Би сургуульдаа яваад, дүүтэйгээ бас эмээ, өвөөтэйгээ боломжийн амьдарч байна. Таныг явсанаас хойш дүү минь л байнга таныг ярьж, бидний сэтгэлийг өвтгөх юм. Та биднийг бас л их санаж байгаа байх даа. Дүү бид хоёрын үсийг самнаад, цэцэрлэгт хүргэж өгч байсныг, бас Та үсийг минь их гоё шүлжиж өгдөг байсныг, тэгээд бас хоёр охиноо үнсье гээд халуухан тэврээд, чанга гэгч нь үнсдэг байсныг би өдөр бүр санадаг. Тэгэхэд аав минь ажил, ажил гээд жуулчингуудтай яваад өгдөг, ээж та болохоор бидэндээ санаа тавиад л, гэр орноо цэвэрлэж, цэмцийлгээд, гадна дотны бүхий л зүйлийг зохицуулдаг байж билээ. Аав маань ажил ихтэй. Долоо хоногт нэг л удаа бидэнтэй уулздаг. Ирэх бүртээ чамин тансаг уутай чихэр авчирч өгдөг байж билээ. Нэг өдөр аав маань жуулчидтайгаа явж ирээд, долоо хоногийн амралтаар шагнуулж, бид дөрөв нар гартал баярлаж, амралтанд явж, ээж аав хоёр минь бие биедээ эрхэлж, бид хамтдаа цэцэг түүж, баглаа цэцэг болгон ээждээ өгч байж билээ. Дараа нь гэртээ харьж банштай цай хийж ууж байсан үеээ би үргэлж л санах юм. Аавын амралт ч дуусч, жуулчдаа аваад дахиад л ажилдаа явсан. Долоо хоног яваад ирдэг аав минь 13 хоноод, ирсэнгүй. Ээжээсээ асуутал ажил нь хойшлогдсон гэж эхлээд хэллээ. Маргааш өглөө нь дахиад л асуулаа. Энэ удаад ээж минь харин дуугарсангүй. Хэд дахин шалгаасны эцэст, “аав нь бурхан болчихлоо” гэж хэлээд, тугалан хар нүднээсээ сувдан нулимс асгаруулахад би итгэж чадахгүй, хий дэмий л “үгүй, үгүй ээ” гэж чанга хашгирч, уйлж байсан даа.
Эхний хэдэн сар ээж минь гутарч, ганцаардаж байсан ч хоёр охиныхоо төлөө бүх бие, цаг заваа зориулж, амьдралын төлөө маш ихээр зүтгэсэн. Ээжийнхээ ядарсан, цонхийсон царайг харахад бидэнд үнэхээр хүнд байдаг байлаа. Нэг жил орчмын дараа ээж минь Чехрүү явах тасалбараар шагнуулж, би ч ээжийгээ газар үзээд, сэтгэлээ бага ч гэсэн онгойлгоод ирээсэй гэж бодсон. Одоо хоёр охин нь эмээ өвөөтэйгөө юугаар ч дутахгүй амьдарч байна. Таныг хүний газар байх энэ хугацаанд охин нь мэргэжил мэдлэгтэй болж, өөрийнхөө хүсэж мөрөөддөг мэдээлэл зүйн багш болоод, дүүгээ ч мөн сайхан мэргэжилтэй болгож, сайн сайхан амьдарч, Таныхаа ачийг хариулнаа. Биднийг хүн болгон төрүүлж, хэнээс ч дутаалгүй амьруулах гэж нойр хоолгүй зүтгэн, бидэнд амьдрал бэлэглэж яваа ээж, аав хоёртоо бүхнээс илүү хайртай шүү.
Н.Мөнхсайхан 11-р анги