Цөөн хүүхэд төрүүлэх болсон эмэгтэйчүүдийн сэтгэлгээг өөрчлөх цаг болжээ
|Төрөлтийг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал болжээ. Төрөлтийг дэмжиж төрөөс мөнгө өгдөг болсноор 1990-ээд оныг бодвол төрөлт нэмэгдсэн.
Одоогийн гэр бүлийн ихэнх нь 1-3 хүүхэдтэй. Эмэгтэйчүүд хоёроос илүү хүүхэд төрүүлэхгүй гэж ярина. Нийгмийн энэ сэтгэлгээг өөрчилж, халамжийн өөр бодлого хэрэгжүүлэх шаардлага бий боллоо.
Манай улсын хүн амын цонх 1990-ээд оны дунд үед нээгдсэн гэж үздэг. 60-аас дээш настай хүний тоо нийт хүн амын 10 хувиас хэтрэхийг хүн амын цонх хаагддаг байна. Одоогоор манай улсын 60-аас дээш настай хүн нийт хүн амын зургаан хувийг эзэлдэг.
Харин 60-аас дээш насны хүн ам 1925 онд 10 хувиас хэтрэхэд хүн амын цонх хаагдах юм. Энэ хугацаанд цонхыг хаахгүй удаан барьж чадсан улс хөгждөг байна. Удаан барихын тулд хүн амын өсөлтөө бууруулахгүй байх ёстой.
Үүнийг хүн амын хамгийн ашигтай үе буюу хөдөлмөрийн бүтээмж өндөр байх үе гэж нэрлэдэг. Энэ нь одоогийн төрөлтийн тоог бууруулахгүй аль болох удаан хугацаанд барих нь чухал аж. Нэг гэр бүл дор хаяж гурван хүүхэд төрүүлбэл хүн амын өсөлтийг удаан барьж чадах юм.
Нэгэнт буурсан төрөлтийг өсгөхөд хэцүү аж. Ер нь өсгөсөн улс ч байдаггүй гэнэ.
Мөн энэ үед хамгийн их ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, хүн амынхаа эрүүл мэндэд анхаарах, эдийн засгийн өсөлтөө хурдасгах, орлого хэрэглээг нэмэгдүүлэх, хөрөнгийн хуримтлал бий болгохыг хүн амын цонх нь хаагдсан улс зөвлөдөг.
Монголын хүн ам төрөлт нэмэгдээд өсч байна гэдэг. Үнэндээ сүүлийн хэдхэн жил нэмэгдсэнийг эс тооцвол жилээс жилд буурч байна.
1970-аад онд төрөлт жилд 74 мянга байсан бол 1990-ээд онд 40 гаруй мянга болж буурчээ. Тиймээс нэмэгдэж байгаа хүн ам инерциэр өсч байгаа аж. Өөрөөр хэлбэл, 60 жилийн өмнө эмэгтэйчүүд болон хүүхэд төрүүлдэг байсан. 20 жил өнгөрөх тусам төрүүлэх хүүхдийн тоо буурч одоо үеийн залуучууд хоёроос дээш хүүхэд төрүүлэхээ больсон. Төрөлт буурч байгаа нь хүүхэд насны хүн амыг бууруулна гэсэн үг.
Хүн амын шилжилтийн онолоор дөрвөн үе шат бий. Эхний үед төрөлт, нас баралт хоёулаа өндөр хувьтай байдаг. Дараагийн үед нас баралт буурч, төрөлт өндөр хувьтай байна. Энэ үед улсын хүн ам өсдөг аж. Гурав дахь үед нас баралт, төрөлт буурч тогтворжино. Харин дөрөв дэх үед хүн амын дунд насжилт явагдсан байх тул нас баралт төрөлтөөс давна. Өөрөөр хэлбэл, 60-аас дээш настай хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэсэн үг.
Манай улс одоогоор гурав дахь үед ирээд байна. Үүнийг ямар ч улс тойрч чадахгүй аж. Манай улс Үндэсний хөгжлийн цогц бодлогодоо хүн амын өсөлтийн хурдыг 2.4 хувиас бууруулахгүй гэж заасан. Энэ нь ч боломжгүй зүйл гэнэ.
Манай улсын хүн амын жилийн өсөлтийн хурд 2008 оны байдлаар 1.7 хувьтай байна. Дахин хэлэхэд хүн амын өсөлтийн хурдыг 2.1 хувьд барьж байхын тулд гэр бүлүүд хоёроос илүү хүүхэд төрүүлэх хэрэгтэй юм.
Хэрэв нас баралтын түвшин өндөр байвал гурваас олныг төрүүлэх шаардлагатай болно. Гэсэн ч манай улсын хүн амын өсөлтийн хурд 1.8 хувьд хүрээд тогтворжино гэж судлаачид таамаглаж байна.
Хүн амын цонх нээгдсэн үеийг Өмнөд Солонгос овжноор ашиглаж Азийн бар улс болжээ. Өмнөд Солонгос улс ажиллах хүчний шингээлт сайтай худалдааны салбар, жижиг дунд үйлдвэрийг экспортын чиглэлд хөгжүүлж нээлттэй худалдааг бий болгон амжилтад хүрсэн байна. Хүн амын цонх хаагдсан 1925 оноос хойш эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхэд хэцүү болох аж.
Нөгөөтэйгүүр ажиллах хүчний хомсдолд орно. Тухайлбал, Австралид нягтлан бодогч, Японд асрагчийн орон тоонд гаднаас ажиллах хүч авдаг. Одоогоор Япон, Итали улсын хүн амын цонх хаагдаад байна. Харин Чили, Хятад улсынх 10 жилийн дотор, Энэтхэг улсынх 10 жилийн дараа хаагдах юм. Харин Афганистан, Уганда улсын хүн амын цонх хараахан нээгдээгүй байна.
Мөн Герман, Япон, Итали, Португаль, Белги зэрэг 15 улс хүн амын насжилтаараа тэргүүлдэг байна. Франц улс хүн амын насжилтын үеийг 115 жилд туулсан бол Канад улс 65, Япон улс 26 жилийн дотор туулжээ.
Асар богино хугацаанд төрөлтийн тоог буурсан нь насжилтын процессыг хурдасгахад нөлөөлсөн байна. Тухайлбал, 2050 онд Энэтхэг улс 1.5 тэрбум хүн амтай болж Хятад улсыг ардаа орхих тооцоо гарчээ.
Б.Мягмансанж http://niigmiintoli.mn/