Хөхүүл үед хөхөө хэрхэн арчлах вэ?

|

Хүүхдээ хөхөөр хооллоно гэдэг хүүхдийнхээ төлөө таны хийж болох хамгийн сайн зүйл юм. Энэ нь танд ч бас олон талын ашигтай. Ямар ашиг тустайг нь цухасхан дурдая.
           Хүүхдэд ямар ашигтай вэ?
           Хөхний сүүний найрлагыг эрдэмтэд одоо хүртэл бүрэн нээж чадаагүй байгаа ажээ. Хүүхдэд хэрэгтэй маш олон төрлийн уураг, тос, эрдэс бодис, витаминаар баялагаас гадна бактери, нян, мөөгөнцөрийг устгах хүчтэй эсрэг биетүүдийг агуулсан байдаг. Бас нэг гайхалтай зүйл бол хүүхэд бүрийн сүү өөр өөр найрлагатай байдаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл таны сүү зөвхөн таны хүүхдэд л зориулагдсан хэзээ ч давтагдашгүй онцлог найрлагатай байдаг гэсэн үг. Дутуу төрсөн үед эхийн сүү илүү тослог, илүү тэжээллэг байдаг гэнэ шүү. Гайхалтай байгаа биз. Хөхөөрөө хооллож буй хүүхэд эрүүл чийрэг өсдөг.
           Хүүхдээ хөхөөр хооллох нь эхэд ямар ашигтай вэ?
           Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хорт хавдраас сэргийлдгийг маш олон судалгаа баталжээ. Мөн түүнээс гадна төрсний дараа хурдан жин хасах, сэтгэл санаа өөдрөг байх болон санхүүгийн гээд олон талын ашигтай. Хүүхдээ хөхүүлснээр хөхний хэлбэр алдагдана гэдэг буруу ойлголт байдаг. Хүүхэд хөхүүлснээс болж биш харин жирэмслэлтээс болж хөхний хэлбэр өөрчлөгддөг.
           Хөхүүл үед юуг анхаарах хэрэгтэй вэ?
           Хөхүүл үед хөхөө зөв арчилснаар элдэв эмгэгээс сэргийлж чадна. Ихэнх эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлж эхэлсэн эхний хоёр долоо хоног багагүй бэрхшээлтэй тулгардаг.  Юуны өмнө хүүхдийнхээ живхийг сольсны дараа болон хөхүүлэхийн өмнө гараа угааж байх нь чухал. Мөн өдөр бүр хувцасаа сольж, усанд ордог бол хөхөнд өөр ямар нэгэн нэмэлт цэвэрлэгээ хэрэггүй. Учир нь хөхний толгойн эргэн тойронд хөхийг цэвэрлэх үүрэгтэй уутанцарууд байдаг. Хүүхдээ хөхөөр хооллоход маш их энерги зарцуулагддаг тул сайн амарч, шим тэжээлтэй хоол унд хэрэглэж, жирэмсний витаминаа ууж байх нь зүйтэй.
           Та өдөржин гэр орны ажил гээд завгүй байдаг бол хүүхдээ хөхүүлэх үедээ аль болох тухтай байрлалаар хэвтэж сайхан амраад аваарай. Хүүхдээ зөв хөхөж байгаа эсэхийг шалгах нь бас зүйтэй. Амаа том ангайж, уруул нь гадагшаагаа эргэж, хэл нь хөхний доогуур гарч ирсэн байх ёстой. Хүүхэд хөхөө сайн хөхөж барахгүй бол үлдсэн сүүг сааж байх хэрэгтэй.
           Хөхүүл үед гарч болох хөхний эмгэгүүдийг хэрхэн үр дүнтэй эмчлэх вэ?
           1. Хөхний толгой хагарах - Төрсний дараа бараг эмэгтэй хүн бүр энэ асуудалтай тулгардаг. Хөхний толгой өвчилж эмзэглэснээс болж хүүхдээ хөхүүлэхгүй байснаас болж асуудлыг улам хүндрүүлнэ. Энэ зовиураас хамгийн хурдан салах арга бол сайн хөхүүлэх юм. Мөн хөхнийхөө толгойнд оливын тос түрхэж, аль болох хуурай, ил байлгах хэрэгтэй.
           2. Сүүний суваг бөглөрөх - Хөхний аль нэг хэсэгт маш хөндүүр болж, хатуу зүйл мэдрэгдэнэ. Мөн арьс нь улайж, товойсон харагдана. Энэ бол хөхний суваг бөглөрөсөн гэсэн үг юм. Үүнийг нэн даруй эмчлэхгүй бол хөхний халдвар болох аюултай. Хөндүүрлэж буй хөхөө эхэлж хөхүүлэн, сүүг нь сааж, сайн унтаж амран, халуун бүлээн жин тавьснаар хурдан зүгээр болох болно. Үүнээс сэргийлэхийн тулд хүнд юм өргөхгүй, хөхөө чинэрүүлэхгүй, бариу хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.
           3. Хөхний халдвар - Хөхний сүүний суваг бөглөрч, хөх байнга чинэрээтэй байснаас болж хөхөнд халдвар ороход амархан болдог. Хөх маш их хөндүүрлэн хавдаж, өндөр халуурч байвал хөхний халдвар болсны шинж. Нэн даруй эмчид хандаж тохирсон антибиотик эмчилгээг хийх хэрэгтэй. Мөн хэвтрийн дэглэм сахиж, хөхөө сайн сааж, биеийн эсэргүүцлээ өндөр байлгаж чадвал хэдэн өдрийн дараа зүгээр болно. Хөхний халдвар хүүхдэд ямар нэгэн муу нөлөөгүй тул хүүхдээ хөхүүлэхээ зогсоож болохгүй!

Эх сурвалж: http://www.tsahim.net