Хөлрөлтөөс хэрхэн хамгаалах вэ?

|

Зуны наранд алхах нэг бодлын сайхан. Гэвч нүүр, суга, гарнаас ялгарсан хөлснөөс болоод юу юугүй урсах гэж байгаа юм шиг мэдрэмжтэй явахыг хэн хүсэх билээ? Бид энэ удаагийн гоо сайхны зөвлөгөөндөө хөлрөлтөөс сэргийлэх энгийн аргуудыг орууллаа.

• Хэрэв та өөрийгөө хэт их хөлрөлт (амьдралын тань хэв маягт хүндрэл учруулах хэмжээний их хөлс ялгаралт)-тэй гэж бодож байвал арьс өнгөний эмчтэй зөвлөлдөж өөртөө тохирсон эмчилгээг бичүүлж авах хэрэгтэй.

• Хөлс ялгаралт нь халуун температурт таны биеийг хүйтэн байлгахад маш чухал үүрэгтэй процесс юм. Энэ “дотоод агааржуулалтын систем”-ийг зөв зохистой ажиллуулах гарц нь ус уух явдал. Ус уу, уу, бас дахин уу гэж зөвлөмөөр байна. Цангатлаа хүлээх хэрэггүй. Цангах бол таны бие дэх шингэний хэмжээ аль хэдийн бага байгаагийн тэмдэг. 2-4 цаг тутамд бие засмаар санагдаж байвал энэ нь хангалттай шингэнийг авч байгаагийн шинж юм.

• Халууны улиралд тохируулан хувцасла. Сул, хөнгөн, цайвар өнгийн хувцаснуудыг сонгоорой. Сул хувцас нь биед агаарын солилцоо явагдах нөхцөлийг бүрдүүлж өгснөөр та илүү хуурай сэрүүхэн мэдрэмжтэй явах болно. Байгалийн гаралтай агаар нэвтрүүлдэг материалтай хувцас өмсөгтүн.

• Наранд түлэгдсэн арьс таны хөлрөлтөнд нэмэр болно уу гэхээс тус болохгүй. Тиймээс та шууд нарны тусгалаас хол байгаарай. Ялангуяа өглөөний 10-аас өдрийн 4 цаг хүртэлх наранд явахдаа нарны хамгаалалтын тос түрх. Наранд гарахаасаа дор хаяж 20 минутын өмнө тосоо түрхэх хэрэгтэй. Тэгээд 80 минут тутамд дахиж түрхэж байгтун.

• Хэрэв та дух, нүүрээрээ илүүтэй их хөлөрдөг бол урсаж нүд рүү орохооргүй хамгаалалтын тос түрхэх нь чухал юм. “Sweat Proof” буюу хөлрөлтийн хамгаалалттай тос түрхэх нь тохиромжтой. Мөн өргөн хүрээтэй бүрх малгай өмсөж болно. Харин таны малгай цайвар өнгөтэй мөн хөнгөн, агаар нэвтрүүлдэг байх хэрэгтэй.

• Гадаа халуунд дасгал хийх, эсвэл гүйхэд спорт гутал доторхи хөлний температур +50 градуст хүрэх нь бий. Тиймээс хөнгөн, агаар нэвтрүүлэхүйц нүхнүүдтэй пүүз сонгоорой. Мөн чийгийг өөртөө шингээдэг тамирчдад зориулсан оймс өмссөн нь дээр.

• Хөлс дарагч /антиперспирант/-ныхаа дэглэмийг өөрчилснөөр хэт их суганы хөлрөлтөөс сэргийлж болно. Хөлс дарагчийг өглөө болон орой унтахын өмнө түрхэж байх хэрэгтэй. Мөн сугандаа түрхэснийхээ дараа бага зэрэг тарааж массажилж өг. Ингэснээр таны арьс тайвшрах болно. Загатналтаас сэргийлэхийн тулд зөвхөн хуурай арьсан дээр хөлс дарагчаа түрх.

• Мөн таны нүүр духаар их хөлөрдөг бол үснийхээ угийн шугамын дагуу хөлс дарагчаа түрхээд үзээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн