Хишигдэлгэр:Үзэл бодлоо өөрчилж, хянаж, зөв болго /35/
|Миний ээжийг Лувсанцэрэнгийн Дэлгэрхишиг гэдэг Архангай аймгийн Хангай суманд төрөж өссөн . Олон жил багшийн ажил хийсэн. Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан хүн юм. Өөрийн хүүхдүүдээс гадна бусдийн үр хүүхдийг эрдэм мэдлэгт сургаж, шавь нараа хүн болон өсөж хүмүүжихэд нь ихээхэн хувь нэмэрийг оруулсэн хүн билээ.
Миний ээжийн захиасын гол утга санаа нь хүний амьдралд хэд хэдэн чухал хууль үйлчилдэг, түүнийг хүмүүс мэдэхгүй байгаа тул сайн ойлгож амьдралдаа хэрэгжүүлэхийг сургасан юм. Тиймээс би ээжийнхээ зарим нэг захиас сургаалыг бусадтай хуваалцахыг хүсэж байна.
1. Миний ээж үзэл бодлоо өөрчилж, хянаж, зөв болго гэж сургадаг. Үзэл бодол зөв бол үйл ажиллагаа, явдал мөр зөв болно. Үйл ажиллагаа зөв учраас үр дүн нь зөв, эерэг сайн гарна. Өөрөөр хэлбэл сайн явах санааных гэсэн үгийн утга учир энэ юмаа.
2. Өөрийн дотоодод агуу их хүчин байдаг гэдэгт итгэ. Дотоодод байгаа агуу их хүчин бол хүний мөн чанар юм түүнийг шашины талаас бурхан гэдэг бөгөөд, чиний дотоодод бурхан оршдог гэж сургадаг. Шинжлэх ухаан талаас тэрхүү мөн чанарыг далд ухамсар гэж тайлбарладаг.Юу ч гэж тайлбарласан хамаагүй агуу хүчин байгаа гэдэгт итгэж, түүнтэй холбогдож түүнээс тусламжийг авч сурах нь хамгийн чухал гэж сургадаг. Чи түүнд чин сэтгэлээсээ итгэж, чадсан тохиолдолд дотоод агуу их хүч чин хүслийг чинь биелүүлж өгдөг.
3. Дотоодийн агуу их хүчээ ашиглахаас гадна, дээд оюун санааны ертөнц оршдог гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дээд оюун санааны хүчинд сайн сайхан бодлуулдыг захиалга болгон илгээж, түүнийхээ харуйг дотоод мэдрэмжээрээ хүлээн авч сур. Дотоод хүч болон дээд хүчинд итгэж чадсанаар итгэлийн хууль үйлчилж сайн сайхан зүйл ирдэг. Мөн итгэлийн хуулиас гадна таталцаллын хууль үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл чи юу хүснэ түүнийгээ татан авдаг гэдгийг ойлго.
4. Өөрийгөө болон бусдыг хайрлаж сур. Бусдад ямагт хайрыг түгээж бай. Эхлээд өөрийгөө хайрлаж сур, өөрийгөө хайрладаг хүн муу зүйлээс өөрийгөө холдуулж чаддагаас гадна бусдыг хайрлаж чаддаг юм. Жишээ нь архи тамхи, сөрөг муу бодол гэх мэтээс. Бусдад өөрийн чадах бухнээр туслаж бай. Чадах бүхнээр туслах нь өгөхийн хууль бөгөөд бусдад тус дэм өгч чадвал буян хариулал нь авахийн хуулиар аяндаа ирдэг юм. Энэ нь өгч байж авдаг гэсэн хууль үйлчилдэг гэдгийг харуулж байгаа юм.
5. Зөв хоолло. Амьтны амь хороогоогүй цэвэр хоол хүнс хэрэглэ, тэгвэл оюун санаа, бие организм цэвэр эрүүл болж, улмаар амар амгаланг олох болно. Амар амгаланг олно гэдэг нь дээд аз жаргалыг олохтой адил юм.
Хүү: Ү.Мөнхбаяр
Ээж: Лувсанцэрэн Хишигдэлгэр