Тэнгэрээс од шүүрч таныгаа гоёхсон

|

Одоогоос 10 жилийн өмнө намрын сэрүүхэн өдөр намайг төрүүлэх гэж яаж өвдөж шаналсныг мэдэхгүй ч өдий хүртэл эрүүл чийрэг өсгөж өгч байгаад нь би үнэхээр их баярлаж явдаг юм шүү. Та минь биднийхээ дэргэд байгаа амьд бурхан юм. Анх төрснөөс эхлээд би таныгаа их л зоовоосон гэдгээ мэднээ. Сайхан нойроос тань сэрээж уйлдаг байсныг минь уучилж өршөө. Хийж болохгүйг нь мэдсээр байж хийхэд нялх томоогүй үр минь гээд уучилж өнгөрүлдэг та минь үнэхээр агуу. Балчирхан ухаанд минь эхийн хайр ямар агуу гэдгийг цаг ямагт мэдрүүлж өгсөн бурхан ижий. Эгчдээ шоглуулчихаад уйлж суухад минь намайг сургадаг миний хамгийн хайртай хүн. Таньдаа туслахыг үнэхээр хүсдэг шүү. Шүүдрийн усыг цуглуулж цай чанаж өгч чадахгүй ч өдий хүртэл өсгөж өгсөн ачын тань сайн сурч, сайн хүн болж хариулнаа ээжээ. Таны бүх ачыг хариулж чадахгүй ч гэсэн таныгаа би уурлуулж гомдоож байсан бол уучлаарай ээжээ. Гэнэн томоогүй надад яаж хүн хайрлахыг та зааж өгсөн. Өвдөж шаналж байхад минь бүхнийг анагаагч “эмч” гэрийн даалгавараа буруу хийж будилж суухад минь засаад өгөх “багш” гадаа хүйтэн байхад сэтгэлийн дулаан илчээрээ намайг төөнөдөг “нар” энэ дэлхий дээр байх амар сайхан зүйл юу болохыг, аж жаргалыг би таниар төлөөлүүлдэг шүү . Чаддаг сан бол тэнгэрээс од шүүрч таныгаа гоёхсон. Та минь байхгүй бол нар, сар, од үгүй тэнгэртэй би адилхан байх байсан. Өнө удаан жил өөрийн үсрийн хажууд амьдраарай ээжээ. Ээжээ ойрдоо таны бие өвдөөд байгаа та минь эмчилгээгээ сайн хийлгээд хоёр охиндоо санаа зовохгүй хурдан эдгээд ирээрэй. Энэхүү илгээмжийг эгч бид хоёр зөвхөн таньдаа зориулж байна. Ээжээ хайртай шүү хоёр охин чинь.

 

Б.Нинжбурам “Ирээдүй цогцолбор” 4г ангийн сурагч