САЙХАН ЗАЛУУ ААВ МИНЬ

|
Сайн байна уу ээж ээ? Би таны дунд охин Цэрэннадмид байна аа. Аав бид хоёр сайн байгаа. Би таныг багадаа их санадаг байсан. Одоо харин бараг л мартаж байна даа. Гэхдээ миний биеийг төрүүлсэн болохоор мартаж яахан чадах билээ. “Та хүний хань, 3 хүүхдийн эх хүн байж яагаад намайг орхиод явчихсан юм бэ?” гэж би таниас асууя гэж байнга бодож явдаг. Бага байхдаа таныг дэндүү их санаж, ааваасаа таныг нэхэж, бусад хүүхдүүдийн жаргалд атаархаж л явсан. Надад аав гэж нандин хүн байгаа ч ээж гэдэг эрдэнийг дэндүү удаан хүлээсэн дээ. Хэзээ нэгэн цагт би таныг, бас хоёр эгчийгээ хаа байгаа газраас нь олоод очих л болно. Харин тэр өдөр Та надаас дахин битгий зугтаагаарай. Та миний аавын хайрыг дааж, халуун дулаан гэр бүлийн ээж байхыг хүсээгүй гэж үү. Энэ дэхий дээр бүх хүн ээжийгээ магтдаг бол би аавыгаа л магтана. Түүний зэрэгцээ би аавыгаа маш их өрөвддөг. Хүн хүнийхээ төлөө амьдрах энэ мөч л хамгийн үнэ цэнтэй. Тиймээс би аавынхаа төлөө залбирч, амьдрах болно. Миний аавын ах эгч нар л намайг хүн болгосон. Миний аав миний сэтгэлд хүнийг хайрлах үрийг тарьж өгсөн. Харин намайг хайрласнаараа амьдралд итгэх итгэлээ буцааж олж авсан. Аавдаа би уншиж өгөөгүй нэгэн шүлгээ зориулъя.

Сайхан залуу аавдаа 

Санчиганд нь буурал орсныг анх хараад
Саваагүй томоогүй хүүхэд насаа би
Тэр жилийн шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэгдсэн мөнгөн сор болгоны тоолонд
Жаргаана даа тэгвэл гэж өөртөө амласан.

 Би таныгаа жаргаана аа, аав аа.

М.Цэрэннадмид 11-р анги