Найз болон цаг хугацаа

|
Сайн байцгаана уу, эрхэм найзууд аа? Миний сэтгэлийн илгээмж очих өдрийн мэндийг хүргэе. Би олон найзтай. Тэд нарыгаа гомдоож ч байсан, баярлуулж ч байсан. Найзууд гэдэг бол үргэлж зовлон жаргалаа хуваалцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хамтдаа байж байдаг нандин холбоосууд. Тийм болохоор хэн нэгнийгээ уурлуулж гомдоосон бол цаг алдалгүй уучлалт гуйж бай. Харин чамд дараа нь хариу нь ирэх л болно. Цаг хугацаа чамайг хүлээхгүй. Уучлана гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа хамгийн нандин, сайхан зүйл юм. Гэвч мартаж болохгүй бас нэг зүйл бол “халбагатай тос” буюу хүний мөн чанар билээ. Амьдрал дээр хүн бүхэнд хоромхон төдий л мөч бий. Энэ бол цаг хугацаа. Цаг хугацаа нь өнөөдөр бидэнд оногдсон үнэлж баяршгүй их баялаг. Найз гэдэг нь гадна төрх биш, харин дотоод зүрх сэтгэл юм. Цаг хугацааг хамгийн үр ашигтай, зөв зарцуулж чадвал тэр бүхэн танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлтэй амьдрал болон үлдэнэ гэж би боддог. Сайн найзтай нөхөрлөвөл өөдлөх замаа засна. Дутуу байгаагаа бусдаасаа дүүргэн авч, илүү байгаагаа нөхдөдөө харамгүй хайрлаж байгаарай. Сайн найз бол мөнхийн хишиг. Цаг хугацаатай уралдан байж та найз нөхдийнхээ буруу үйлдлийг уучилж сур. Харин өөрийнхээ буруу  үйлдлийг хэзээ ч бүү уучил. Хагацашгүй найзынхаа сайн үйлийг магт.

Би шулуун шударга хүн л хүний жинхэнэ найз байж чадна гэж боддог. Бадамлянхуа цэцэг балчиг дунд ургавч ариун цагаан дэлбээ нь хиртдэггүй шиг сайн нөхөд саар цагийн учралд, санаа нь хувирч сэтгэл нь хиртдэггүй юм. Амжилтанд хүрч чадсан нөхдийнхээ тэр амжилтанд чи ч хүрэх боломжтой болохоор алдсан, буруудсан үед нь тусалж, дэмжиж, хэдийд ч найз нөхөддөө цаг гаргаж, үнэн сэтгэлээ зориулж байгаарай.

Оюун-Эрдэнэ. 9-р анги