миний зүрхэнд гийдэг “Мөнхий наран”

|

Нарт энэхэн хорвоогийн
Нандин бүхнийг өөртөө шингээж
Намайг л гэж бүүвэйн дуугаа уянгалуулсан
Ижий бурхан таньдаа энэхүү илгээмж очих өдрийн амар амгаланг тань эрин охин чинь мэндчилж байна.

Өнөөдөр 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр. Өвөл цаг ирж байгааг сануулах адил гадаа үе үе хүйтэн салхи сэвэлзэн. Гэхдээ өнөөдөр маш сайхан дулаахан өдөр байна. Таньдаа энэхүү илгээмжээ бичиж байгаадаа туйлын их баяртай байна. Одоо бодоход би багаасаа хойш таньдаа өдөр бүр хайртай гэж хэлэлгүй бас ярилцаж суулгүй уджээ. Тиймээс би сэтгэл дотроо бодож зүрхэндээ хадгалдаг байсан бүхнээ таньдаа бичэж сууна. Багадаа буруу зүйл хийчихээд ээж гэдэг үгийг сонсохоор “ширүүн догшин” хүн шиг л санагддаг байсан. Бага байхдаа тоглож байсан хүүхэдтэйгээ муудаад хоёул уйлахад яагаад ч юм та айлын хүүхдийг өмөөрч нулимсыг нь арчдаг хэрнээ намайг л дандаа зэмлэдэг байсан сан. Тэр үед би таньдаа маш их гомдож дотроо “Би ямар буруутай биш яагаад ганцхан намайг л загнаад байгаа юм” гээд л их уурладаг байжээ. Одоо бодоход та минь зөв л зүйл хэлдэг, хийдэг байж. Охин чинь таниасаа хол сурч байгаа ч амьдралын хөлгүй их далайд хөлөө олон өөрийн гэсэн мэргэжилтэй болж сайхан амьдрахын төлөө хичээнгүйлэн суралцаж байна. Таныгаа баярлуулахыг хүсэв ч яг ямар зүйлээр баярлуухаа мэдэхгүй л юм даа. Бага ангид сурч байхдаа Мартын 8-наар  жижигхээн цаасан дээр өөрийгөө, дүүгээ,таньтайгаа зурчихаад өгөхөд та минь их баярлаж байсныг одоог хүртэл би санадаг шүү . Хөлд орохоос минь эхлээд өдий зэрэгтэй болтол минь та намайг хайрын үгсээр энхрийлж өсгөсөн. Хатуу бүхнийг даван туулж хатуужилтай бай гэсэн үгийг тань би үргэлж санадаг аа. Хоол нэхэн уйлж байсан охин чинь өсөж том болоод сэтгэлийг тань шаналгаж зовоож байгаагаа хормын төдий ухаарч явсангүйд өршөө та минь намайгаа. Таныг аа зовоохгүйн тулд буруу зүйл хийлгүй хичээл, номдоо шамдан суралцаж сургуулиа амжилттай төгсөх нь хамгийн чухал. Би таныгаа:

Тэртээд гялалзах мянган мичдээр
Тэнгисийн гүнд орших шүр сувдаар
Тэнгэрт ургах өглөөний нараар
Тэргэл сарны шөнийн тусгалаар зүйрлэдэг.

Энэхүү илгээмжээ би сургуулийнхаа номын сангаас бичиж сууна. Чив чимээгүй орчинд ямар гоё байна гээч. Гэрт байхад хоёр дүүгийн тоглох ,инээх нь ямар их чимээ, шуугиантай байдгийг та сайн мэднэ шүү дээ. Одоо ч тэр шуугианд та дасал болоо биз дээ. Ингээд л бодоход та нарын минь дүр төрх нүдэнд үзэгдэх шиг л боллоо. Хүний хүүхдээс юугаар ч дутаалгүй, үрээ л гэсэн таны тэр их хөдөлмөрийг би юутай ч зүйрлэлтэй вэ? Би энэ хорвоод таныхаа үр болж “Монгол” хэмээх газар нутагт Монгол хүн болж төрсөндөө бахархдаг.

Энэ хорвоод
Хамгийн зөөлөн нь юу вэ? Гэвэл
Би ижий таныхаа гарыг хэлнэ
Энэ хорвоод
Хамгийн уянгалаг нь юу вэ? Гэвэл
Би ижий таныхаа бүүвэйн дууг хэлнэ
Энэ хорвоод
Хамгийн цайлган нь юу вэ? Гэвэл

Би ижий таныхаа сэтгэлийг хэлнэ. Ижий таныгаа би миний зүрхэнд  гийдэг “Мөнхий наран” гэж нэрлэдэг. Яагаад гэвэл та минь миний амьдралын багш юм шүү дээ. Энэ бүгдийг таньдаа хэлж зүрхлэдэггүй байсан. Бага балчир насныхаа ариун нандин хөгжилтэй дурсамжийг дурсан суугаадаа би үнэхээр жаргалтай байна. Үүр шөнийн жавраар сэрж үнэгчлэн баясах үрээ хараад эх хүний сэтгэл нэг амардаг юм гэнэлээ. Хэрэв хүүхэд нь жаахан л өвдвөл эх хүний сэтгэл зүрх тэр чигээрээ өвчинд дарагддаг гэж зарим хүмүүс ярилцдаг. Үнэн ч үг. Дүүг минь ханиад хүрэхэд таны сэтгэл ямар их шаналдаг байсныг би мэднэ. Бага байхаас минь эхлээд амьдралын тухай та надад ярьж өсгөсөн болохоор хатуу хэцүү бэрх зүйлийн зах зухыг би ойлгодог шүү. Хорвоогийн амьдрал хатуу гэдэг.Би ямар амьдрал дээр гарч зовлон үзсэн биш дээ. Таныхаа дэргэд байхад амьдралыг би жаргалтайгаар л төсөөлдөг.Энэхүү илгээмжинд бичсэн мөрт бүхэн минь миний чин сэтгэлээс зориулж буй зохиосон шүлэг юм шүү ээжээ. Таньдаа л гэж зориулан бичсэн шүлгийг минь нүүрэндээ баясал тодруулж байгаад уншнаа гэдэгт би итгэж байна. Илгээмжийнхээ төгсгөлд:

“А” үсэг анхлан заасан багш минь та
Амьдрал хэмээгч хөлгүй далайд явах зам минь та
Алхам бүрийн алдааг засч залруулагч нь та
Аяа бас амьд бүхнийг хайрлагч нь “Ижий” та минь билээ

            Зүрхэнд нь бурхад оршиж байдаг
            Зүүдэнд нь будда заларч байдаг
            Гишгэхэд нь цэцэг дэлгэрч байдаг
            Инээхэд нь наран ургаж байдаг
            Ижий бурхан та минь билээ:

 Ижий минь та намайгаа:

Өглөө бүриийн ургах наран болж нойрноос минь сэрээж
Үдэш бүрийн тэргэл саран болж намайгаа бүүвэйлээрэй.  Таньдаа охин тань хязгааргүй хайртай шүү!

 Таныг хүндэтгэн ёсолсон: Охин Баярцэцэг чинь

 Цэрмаа овогтой Наранцэцэг. 1969 оны 01 сарын 16-нд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Одоо Баяндэлгэр суманд  амьдарч байгаа.