Жирэмсний 18 дахь долоо хоногийн мэдээлэл

|

Үрийнхээ зулайг үнэрлэхээр яарч буй ээж та өдөр өдрөөр томорч буй хүүхдийнхээ талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа байх.
Энэ удаа жирэмсний 18 дахь долоо хоногт таны хүүхэд болон танд ямар өөрчлөлт гарахыг сонирхуулж байна. 

Таны хүүхдийн өсөлт хөгжил 

Жирэмсний хугацаа ахих тусам таны хүүхдийн хөдөлгөөн илэрхий их болдог. Ургийн чих үндсэн байрлалаа олдог. Мэдрэлийн ширхгийг хамгаалах бүрхүүл үүсч эхэлдэг бөгөөд хүүхэд төрсний дараах нэг жил орчмын хугацаанд үргэлжилдэг. Хэрэв таны хүүхэд охин бол түүний умай болон гуурсан хоолой хэлбэрээ олно. 18 дахь долоо хоногийн үед таны хүүхэд зулайнаасаа ахар сүүлээ хүртэл 12,7-14,2 см урттай 148,5 гр жинтэй болсон байна. 

Таны биед гарах өөрчлөлт 
Хоолны дуршил нэмэгдэж амархан өлсдөг болно. Иймд хэрэглэх хоол хүнсэндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ гурван сарын хугацаанд цусны эргэлтийн системд өөрчлөлт гарч артерийн даралт дундаж хэмжээнээсээ бага зэрэг буурч магадгүй. Үүнтэй холбоотойгоор сууж юм уу, хэвтэж байгаад огцом босох үед толгой эргэх шинж тэмдэг илэрч болохыг анхаарах хэрэгтэй. 

Энэ үеэс эхэлж эгц дээшээ харж хэвтвэл таны умай том венийн судсыг дарсны улмаас зүрхэнд буцаж ирэх цусны хэмжээ буурдаг тул хажуу талаараа хэвтэж байх нь зүйтэй. Хэрэв та жирэмсний хоёр дахь гурван сарын хэт авиан шинжилгээнд ороогүй байгаа бол эмчдээ очиж үзүүлээрэй. 

Хэт авиан шинжилгээ нь ямар нэг өвдөлт, таагүй мэдрэмж төрүүлдэггүй бөгөөд таны хүүхдийн өсөлт хөгжил, ургийн гажиг байгаа эсэх, ихэсийн байрлал хөгжил, хүйн судас, ураг орчмын шингэний хэмжээ зэргийг тодорхойлохоос гадна ургийн жин, төрөх хугацаа зэргийг тодорхойлдог. Энэ шинжилгээний явцад таны хүүхэд хэрхэн хөдөлж байгаа болон хуруугаа хөхөж байгаа зэргийг харж болно.

/Зууны мэдээ/