Жирэмсний үеийн нойргүйдлийг хэрхэн даван туулах вэ?
|Шинж тэмдгүүд
Жирэмсний сүүлийн саруудад эмэгтэйчүүд хичээгээд ч унтаж чадахаа больж шөнө ойр ойрхон сэрж, хар дарж зүүдэлснээсээ болж ядарч сульдан тавгүйтэж, уур уцаартай болсноос орчин тойрныхоо хүмүүсийг энэ байдалдаа буруушааж эхэлдэг ч энэ нь түр зуурынх гэдэгт бүү эргэлз.
Жирэмсэн үед нойргүйдэл үүсэх гол шалтгаан бол ихэнхдээ архаг дааврын эмгэгтэй эмэгтэйчүүдийн бие эрхтний өөрчлөлттэй холбоотойгоор онцлог байдалдаа дасан зохицох чадвар муугаас тархины мэдрэл шингэний зохицуулга алдагдах явдал юм. Гэхдээ эмэгтэй болгон нойргүйдлээр шаналдаггүй шүү дээ...
Нойргүйдэл үүсэхэд хувь хүний сэтгэц зан үйлийн онцлог чанарууд нөлөөлдөг аж. Ингэхдээ холерик зан төлөвтэй, хэт түргэн зантай, түргэн ууртай г.м. эмэгтэйчүүд нойргүй болох хандлагатайгаас гадна амьдралын бэрхшээл, стресс, ажил амьдралын асуудлууд ч мөн хүндрэл үүсгэх магадлал тун өндөр аж. Жирэмсний сүүлийн саруудад хүүхэд хэт хөдөлгөөнтэй байснаас бас том гэдэс унтахад саад болж, ойр ойрхон шээс хүрч ам цангах нь нойргүйдэлд хүргэж болох ч энэ нь олон хоногоор үргэлжлэхгүй онцлогтой байдаг.
Зарим эмэгтэйчүүд үргүйдлийн дараа тухайн жирэмслэлтийг хэт их хүсч байснаас эсвэл өмнөх жирэмслэлтийн таагүй дурсамжууд нь хүүхдээ төрөн төртөл биеэ чагнаж төдийхөн өөрчлөлт бүрийг хэт мэдрэг хүлээж авах шалтгаан болж энэ нь мэдрэлийг байнгын цочролд оруулснаар сэрэл саатлын үйл явц алдагдаж нойргүйдэхэд хүргэдэг. Тиймээс аль болох тайвширч, эм хэрэглэхгүйгээр дотоод ертөнцөө зөв чиглүүлэх нь эмчилгээний хамгийн ухаалаг арга юм шүү.
Яах вэ?
-Унтахаасаа өмнө ном унших эсвэл хөгжим сонсох.
-Тайвшруулах дасгалууд хий
-Усанд орох, боломжтой бол усан онгоцонд орох нь зүйтэй.
-Унтахаас өмнө зөгийн балтай халуун бүлээн сүү уух нь таны мэдрэлийг тайвшруулна.
-Орондоо тухалж баруун хажуугаараа хэвтэх нь зүрх шахагдаж хүндрэл үүсэхээс сэргийлдэг юм шүү.
-Тархинд үүссэн таагүй голомт, ээдрээтэй асуудлуудаа шийдэж, бие сэтгэлээ тайвшруулахад тохирсон зөвлөгөөг уншиж, хамгийн гол нь унтахгүй болов уу гэх айдаст бодлоо хаях нь чухал юм шүү.
-Унтаж чадахгүйн улмаас төрөл бүрийн тайвшруулах эм тариаг эх барихын эмчийн зөвлөгөө авалгүйгээр хэрэглэх нь урагт хортой нөлөөтэйгээс гадна таны хүүхэд ч мөн таны зовлонг хамт туулах нь гарцаагүй тул асуудлыг ганцаараа бүү шийдээрэй.
-Хэрэв байдал засрахгүй бол сэтгэцийн эсвэл мэдрэлийн эмчид хандан хөнгөхөн төрлийн эмчилгээ заалгаарай.
Эх сурвалж: “Амаржихуйн гайхамшиг” номноос