Дөнгөж нярайлсан эхийн ангир уургийг гүйцэх тэжээл энэ ертөнцөд байхгүй
|Хүүхдийг төрөнгүүт эхний хагас цагт багтаан ангир уургийг нь заавал амлуулах хэрэгтэй. Дөнгөж төрсөн эхийн ангир уургийг гүйцэх тэжээл энэ ертөнцөд лав байхгүй.
Шинэ төрсөн хүүхдэд ангир уургийг нь хөхүүлэх нь олон талын чухал ач холбогдолтой болохыг олон орны эрдэмтэн судлаачид нэгэнт тогтоогоод байгаа билээ.
Эхийн ангир уураг нь хэсэгхэн хугацаанд гараад цаашид шингэрч ердийн хөхний сүү болон хувирдаг бөгөөд ангир уургаа хөхсөнөөр нярай хүүхэд асар өндөр дархлааг өөртөө бий болгодог.
Төрснийх нь дараа эх хүүхдийг заавал хамт байлгах ёстой. Эх хүүхэд хамт байх үед хүүхдийн өсөлтөд онцгой чухал ач холбогдол бүхий өөрчлөлтүүд явагддаг.
Ийнхүү жам ёсоор явсан хүүхэд түргэн торниж бойргошдог.
Төрсөн эхийн бие ч хурдан тэнхэрч, бие организмын үйл ажиллагаа нь хэвийн болж эрс сайжирна.
Төрсөн эхийн хөхний сүү эхний хэдэн минутад дээд цэгтээ хүрч ивэлдэг. Энэ нь хөхний сүүний ялгаралтад онцгой нөлөөтэй пролактин гэдэг дааврын үйлчилгээтэй холбоотой. Хэрэв хүүхдээ хөхүүлээд л байвал уг дааврын ялгаралт улам ихсэж хөхний сүү улам нэмэгддэг.
Хүүхэд төрөнгүүт 30-40 минут харьцангуй цовоо сэргэлэн байдаг. Цаашид унтамхай болдог. Хэрэв сэргэлэн цовоо үед нь амжиж ангир уургийг нь шимүүлбэл цаашдаа эрүүл чийрэг биетэй, цовоо сэргэлэн хүүхэдтэй болно гэсэн үг.
Эх хүүхэд хоёр хэдийгээр хүйн холбоогоор тасарсан ч ойрхон хамтдаа байснаараа хүүхдийн мэдрэхүйн хөгжилт эрс түргэснэ.
Хүүхэд эхтэйгээ төрсөн даруйгаасаа эхлээд л ойрхон байж чадвал эхийнхээ биед буй нян бичил биетнийг төдийчинээ түргэн авч өвчин эсэргүүцэх дархлаатай болдог.
Эхийн сүүгээр хүүхдийн ходоодонд орсон өвчин эсэргүүцэх чадалтай иммуноглобулин хэмээх бодис нь өвчин эсэргүүцэх хуяг болдог. Эрт амласан хүүхдийн зунгаг, хэвийн шарлалт амархан арилна. Эхийн сүү юугаар ч орлуулашгүй шимт тэжээл, амьдралыг нь тэтгэгч эрдэнэ юм.
/Хань/