Дэвээ:Сэрүүн үед нь ээждээ баярласнаа дутмаг л илэрхийлдэг байж дээ/32/
|Яадгийм тэнгэрт хальсан ээждээ захидал бичих гэсэн юм. Миний сайхан ээжийг Цэрэнгийн Дэвээ гэдэг. 1903 онд Увс аймгийн Давст сумын нутаг “Хандгайт” гэдэг газар төрсөн нэг сайхан монгол эмэгтэй, эх хүн. Би гурав дахь охин нь. 37 насанд нь төрсөн.
Ухаан орж юм ойлгох болсон цагаасаа эхлэн ээжээсээ ер салаагүй дагадаг байсандаа их аз жаргалтай байсан. Би ээжийгээ дэндүү ихээр магтмаар байна. Даанч үг олдохгүй байна.
Миний ээж намайг 37 настай байхад тогтож өгөхгүй тэнгэртээ хальсан. Одоо ч гэсэн та минь охинтойгоо хамт шүү. Өглөө бүхэн ээж минь цангаж хоносон байх гэж тэнгэртээ дуудан дуудан байж цайныхаа дээжийг өргөдөг шүү.
Таньдаа л сайн хүн болох гэж охин нь их л зүтгэдэг байсан даа.
Санаж байна. Сургуулийнхаа зуны амралтаар 16 нас хүртлээ аргал түлээ түүх, тугалын өвс түүх, айраг бүлэх, архи нэрэх, заводын сүүний төлөвлөгөө биелүүлэх, хонь хариулах, үнээ тугалаа нийлүүлэхгүй харах, үнээгээ саах, сүүгээ тушаах ер нь тэгээд анжис барьж газар хагалах, хадуур барьж өвс хадах, шуудайтай шороо үүрч, ус боож тарианыхаа талбайг услах гээд бүх л хар бор ажлыг хийлцэх нь миний л үүрэг. Үүнийгээ бүгдийг ээждээ л сайн хүн болох гэж хийдэгсэн.
Ээж минь та намайг 13 нас хүртэл мөөмөө хөхүүлж байсныг би дандаа бодож амнаас амтагдах шиг болдог юм шүү. Одоо ч Хорлоо эгч та бид хоёрыг дурсан ярьж инээж л байдаг юм.
Ээжээ та саалиа холбож сааж дуусаад, холбоогоо тавьсны дараа хотныхоо захад хувинтай сүүгээ хажуудаа тавьчихаад л мөөмөө хөхүүлээд, хөлөрсөн духан дээр минь үнсэн үнэрлээд гараараа илж суугаа нь одоо ч нүдэнд харагдах шиг...
Ээжээ таны хэлсэн үг ерөөсөө санаанаас гардаггүй юм. Нэг удаа надад ээжийнхээ хэлсэн үгийг дуулдаггүй хүн “Эрлэг” болдог юм гэж билээ. “Эрлэг” гэж юу ч байдаг юм билээ мэдэхгүй боловч тэр үгнээс үргэлж л айж явдагсан.
За тэгээд 18 нас хүрлээ, ээжийгээ орхиод сургуульд явлаа. 1959 он Улаанбаатар хотод Анагаах ухааны дээд сургуулийн 1 дүгээр ангид байхад ээж минь тэр холоос тэсэхгүй л охиндоо ногоон торгон дээл оёод эргэж ирлээ. Тэр үед хоёулаа авахуулсан энэ зураг. Дараа жил нь 1960 он. Ашгүй аав минь хамаг малаа нутагтаа орхин нүүж ирж бид хоёрыг дахин нийлүүлж сэтгэл минь амарч билээ.
Эмч боллоо. Нилээд хэдэн жил ажилласан байтал ээжтэйгээ хоёулаа цай ууж суутал ээж: “Ямар хүний гараас гар тасраад унах биш үзээд өг гэсэн хүнийг сайн үзэж өгч байгаарай” гэсэн нь одоо ч санаанаас гарахгүй шүү. Ээ дээ ээж гэдэг хүн ямар сайхан сэтгэлтэй, ямар сайхан ухаантай хүн байсныг үгээр хэлж барахгүй. Энэ сэтгэлээрээ 3 хүүхдийг минь ямар сайхан өсгөж өглөө дөө. Таныхаа ачийг өдөр бүр магтан, таныгаа санан санан өдөр бүр залбирч явдаг шүү Ээжээ.
Ээжээ! Охин нь одоо 48 дахь жилдээ эмчээ хийгээд л эх үрсийнхээ эрүүл мэндэд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулаад явж байгаа минь таны минь төрүүлж, эрүүл өсгөж өгсөний л ач шүү дээ.
Нас ахих тусам таныгаа маш ихээр санан сайхан сэтгэлийг тань бодоод тайвширан эрхэлж явна даа ээж минь. Таниасаа хойш аавыгаа 21 жил хайрлан хайрласаар явж, сэтгэлийг минь их л тэжээж өгснийг таньдаа илгээлээ. Та хоёр тэнгэрээс охиноо өдөр бүр л харж байгаа гэдэгт итгэж цайныхаа дээжийг өргөөд л явдаг шүү.
Сэрүүн үед нь ээждээ баярласнаа дутмаг л илэрхийлдэг байж дээ.
Охин:О.Сайзмаа
Ээж: Цэрэн Дэвээ