Дугуй ээмэг таашаадаг эмэгтэйчүүд даруухан зантай
|Ээмэг бол жижигхэн хэрнээ чамин гоёл. Энэ зун том, жижиг, гурвалжин, дугуй гээд янз бүрийн хэлбэр хийцтэй ээмэг моодонд оржээ. “Фэйшн” стилийн том ээмэг охидыг жинхэнэ байлдан дагуулж байна. Хямд шүрнээс үнэт эдлэл гээд үнийн хувьд харилцан адилгүй. Хамгийн гол нь том л байх ёстой. Өнгийн хувьд хувцасанд тохируулан янз бүр байхаас гадна урт сувдан ээмэг хамгийн их моодонд оржээ. Ингэхдээ сувдыг доод үзүүрт нь бэхэлж өгсөн байх бөгөөд усны дусал, бөөрөнхий хэлбэртэй байна. Энэ зун "далайн эргийн моод" ид хүчээ авч байна. Тухайлбал тэнгисийн зурагтай даавуугаар хүрээлсэн, бөгж хэлбэрийн ээмэг, бугуйвч их чамин харагдана. Гэхдээ та ээмэг худалдан авах үедээ хамгийн түрүүнд ямар хэлбэртэй нь өөрт таалагдаж байгааг анзаарах хэрэгтэй. Сэтгэлзүйчдийн үзсэнээр ээмэгний хэлбэрээр эмэгтэй хүний зан араншинг тодорхойлж болдог гэнэ. Хэрвээ танд гурвалжин хэлбэртэй ээмэг таалагдаж байвал та урьдчилан хэлэхийн аргагүй ааш зантай хүн юм байна. Хэрвээ таны сонгосон ээмэг хурц өнцгүүдтэй байвал та бусад хүмүүсийг дарамтлах эрмэлзэлтэй. Зууван хэлбэртэй ээмэгт дуртай бол та итгэл найдвартай, сэтгэлийн хөдөлгөөнтэй эмэгтэй гэж эрдэмтэд баталжээ. Харин дөрвөн өнцөгт ээмэгт дурлагсад өөргөө итгэлтэй, зорилготой эмэгтэй бөгөөд шийдэмгий эрчүүдэд дуртай. Дугуй хэлбэрийн ээмгийг тогтвортой, даруухан эмэгтэй сонгодог бол өвөрмөц хэлбэртэй ээмгийг таашаадаг бүсгүйчүүд ямар ч хамаагүй үнээр бусдаас ялгарахыг оролддог гэнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин