ДавОхин:Ээжээ, таньдаа хэлэх үгс ундран хайлан урсан байна/85/
|Ээжээ, таньдаа хэлэх үгс ундран хайлан урсан байна,хаанаас нь хэрхэн яаж хэлэх учраа олж ядан байвч, сэтгэлээс ундрах энэ л үгсийг бичихгүй байж чадахгүй нь...
...Нялх балчиртаа тоогоогүй үгс, томрохын цагтаа алт болох юм
Нялх балчиртаа анзаараагүй сургамж тань, тэмтчин явахад эм болох юм
Сургахад нь уурсах томоогүй ааш минь сэм сэмхэн холдох цагийн аясаар зөөлөрч
Сэтгэлийн сайхнаа дэлгэсэн эхийнхээ сэтгэлийг одоо нэг ойлгож эхэлж байна аа
Үл гомдооё гэвч харцаараа ширвэлзэн, сэтгэлд тань харуусал суулгачих юм
Үл зовооё гэвч харанхуй бүрийгээр сураггүй, санааг тань чилээчих юм
Хайрлан ачилъя аа гэвч мунхаг ухаандаа чадал минь хүрэхгүй мэт
Хүнээс дутуугүй амьдрая гэвч хүрэх газрын зам дэндүү хол санагдах юм аа, ээжээ
Зөөлөн гарынх нь тансагхан үнэрт эрхэлж нэг тогломоор байна
Задарч бүр давраад мөөмөө ч би хөхмөөр байна, сүү гардаг ч болоосой
Зүгээр л би энгэрт тань мөнхөд амгалан хэвтмээр байна
Зүггүйтэж харин тандаа үүрүүлж нэг гүймээр байна, та минь даадаг ч болоосой
Томормооргүй байна охин нь, ээжээ
Түмний дунд биш ижийнхээ л дэргэд баймаар байна
Тусгаар гэрээ байгуулан гармааргүй байна, ээжээ
Таныхаа гэрийн элчинд дассандаа би холдмооргүй байна
Худал үнэнийг ялгах амаргүй байнаа ээжээ
Хар цагаан сэтгэлтний дунд байх хэцүү байнаа, ээжээ
Хүний сайхнаар бодоорой гэсэн сургамжийг санавч
Хүний сайхнаа дэлгэдэг хүмүүс цөөхөн юм байна шүү дээ, ээжээ
Ээжийнхээ л дэргэд баймаар байна
Энгэрээс нь холдолгүй амар тайванд умбаж баймаар байна
Ээжийнхээ л хажуудаас холдмооргүй байна
Энгүй хайранд нь эрхэлж наадаж амьдармаар байна.
Охин: Б.Нарангэрэлээс нь
Ээж : С.ДавОхин