Валентинаар хайртыгаа баярлуулах энгийн хэрнээ “эгдүүтэй” бэлэгнүүд

|

Хайрын баярын өдрөөр хайртыгаа, харж явдаг хөвгүүндээ бэлэглэх хөгжилтэй, “хөөрхөн” бэлэгний санааг охид бүсгүйчүүддээ зориулж байна.


1. 247 ширхэг “захидал”. Том захианы цаасан дээр өдөржин бичих шаардлагагүйдээ. Өнгө өнгөөрөө байдаг /сугалаанд байдаг шиг нарийхан урт цаас/ цаасан дээр богинохон өгүүлбэрээр хөгжилтэй, хайрын үгтэй захиа бичнэ. Хайрт минь чи өнөөдөр яасан гоё цамц өмсчихөө вэ? “Гэсэн богинохон” захиаг гадагш гарахаасаа өмнө уншаад өөртөө улам л итгэлтэй алхах байхдаа. Энэ мэтээр жижигхэн хуйлсан цаасан дээр байгаа захидлуудыг өдөр өдрөөр нэгийг уншина.

2. “Өдрийн тэмдэглэл”. Хайрттайгаа анх учирсан өдрөөс эхлүүлээд бүхий л сайхан дурсамжуудаа гоёмсог дэвтэр дээр бичээд бэлэглэх. “Тэмдэглэлийн дэвтэр” гээд америкийн гайхамшигтай романтик кинонд гардаг шиг хайрын түүхээ өдрийн тэмдэглэл, магадгүй бичмэл ном болгоод бэлэглэсэн ч болно шүү дээ.

3. Дулаахан “нэхмэл” ороолт. Дэлгүүрээс биш өөрийн гараар зөөлөн, зузаан ороолт нэхэж болно. 14 хөн хоног үлдлээ, яараарай бүсгүй минь. Гэхдээ өдөр шөнөгүй хурдхан нэхвэл 4 хоног л хангалттай юм билээ.

4. Таны дуутай мп3. Хайртад тань хамгийн хөөрхөн, дотно дулаахан санагддаг өөрийнхөө дуу хоолойгоор үлгэр, зарим нэг хөнгөхөн дуунууд, хайрын өгүүллэг мөн хайраа илчилсэн чин сэтгэлийн үгнүүдээ мп3, эсвэл дуу хураагуур дээр бичээд бэлэглэж болно. Хайрт тань орой бүр унтахдаа, автобусанд, цайны цагаараа, уйтгартай лекцийн үеэр гээд л хамгийн дуртай дуучин, яруу найрагч, өгүүллэг уншигч нь та байх болно гээд бод доо.

5. Хоёр цагаан футболк худалдаж аваад, дээр нь даавууны будгаар “Тэр минийх”, “Би түүнийх” гэх юм уу, “Хайраа олсон залуу”, “Хайраа олсон бүсгүй” зэрэг дурын хөгжилтэй хосолмол үг бичээд бэлэглээрэй. Энэ футболк та хоёрын 2 дугаар сарын 14-ний шилдэг гангараа байх болно.

6. Cupcake бол хийхэд хамгийн амархан амттан гэдгийг бид мэднэ. Олон ширхэг cupcake хийгээд, кекс бүрийн дээр нарийхан кремээр нэг нэг үсэг бичиж, үг үүсгэн бэлэглэ. Идэхээс ч хайр хүрмээр, сэтгэл шингэсэн бэлэг байх болно. Амттаныхаа жорыг эндээс үзээрэй.

7. Хэрэв таны хайрт мэдрэмтгий нэгэн бол, түүнд халуун ванн+өөрийгөө бэлэглээрэй. Ажлаасаа тараад орж ирэхээс нь өмнө ваннандаа ус, дүүргэж, хөөсийг хангалттай их хийгээд, дээр нь хуруугаараа зүрхний хэлбэр зур. Мөн үүднийхээ толин дээр уруулын будгаар, орон дээрээ сарнайн дэлбээгээр, том өрөөнийхөө ширээн дээр жигнэмэгээр зүрхэн хэлбэр үүсгэж бэлдээрэй. Гэрээ “хайр”-аар дүүргэсэн байхыг чинь хараад түүнд онцгой мэдрэмж төрөх болно.

8. Валентиний гол билэгдэл бол шоколад. Өөрийн гараар шоколад хайлуулж өгөх нь чиний хувьд хэтэрхий хуучинсаг мэт санагддаг бол, шоколадтай жижиг чихэр олныг аваад, тус бүрийнх нь цаасанд утсаар жижигхэн захиа өлгөж бэлэглээрэй. Чихэр тус бүрийн цааснаас дүүжлээстэй, чиний хайр үнэртсэн үгс түүний баярласан сэтгэлд амт нэмнэ.

Энэ мэтээр хайртыгаа баярлуулах энгийн, өртөг бага хэрнээ хөгжилтэй, хайр татам өхөөрдөм бэлэгний санааг хэрэгжүүлээд үзээрэй.

Эх сурвалж: Гоолингоо.мн