БИ ЭЭЖИЙНХЭЭ ОРОНД ЭЭЖ БОЛОХ ЁСТОЙ
|Надад 2 жилийн өмнө маш хэцүү байсан. Миний ээж 2008 оны 6-р сарын 4-нд төрөхийн хүндрэлээр бурхан болсон юм. Би ээжийгээ өөд болсоноос хойш урьдынх шигээ инээж, баярлаж байгаагүй. Хүн бүр намайг “энэ бол хорвоогийн жам, сэтгэлээ тайтгаруул, өөрийгээ битгий зовоо, өөртөө итгэлтэйгээр дахин босч ир” гэж хэлдэг ч би тэр явдлаас хойш галзуу хүнээс ялгаагүй болсон байсан юм. Харин намайг өөртөө итгэх тэр их итгэлийг эргүүлэн олж авахад ээжийн минь нагац ах тусалсан билээ. Манай нагац ах одоогоор миний асран хамгаалагч гэж явдаг. Ах маань бидний төлөө их зүйлийг хийсэн. Би айлын хамгийн том охин. Доороо 3 дүүтэй. Ах минь надад “ээжийнхээ оронд гурван дүүгийнхээ ээж нь болж явах ёстой. Чи дүү нараа том болтол өсгөж, сайн харж халамжилж байж л ээжийнхээ ачийг хариулах учиртай юм шүү, миний дүү” гэж учирлаж, ойлгуулж чадсаны ачаар одоо би амьдралын төлөө зүтгэж байна. Надад үргэлж урам өгдөг нагац ахдаа маш их баярлаж, талархаж явдаг энэхүү сэтгэлийн илгээмжийг ахдаа зориулан бичлээ.
Таныг хүндэтгэсэн ёсолсон Э.Сарантуяа 11-р анги