Аривжих:Ээжийнхээ өргөсөн сүү шиг цацарч л яваарай хүүхэд минь\132\

|

Хүн эрдэнэ

Төр улс тусгаар тогтноход

Түшиж тулах нь хүн эрдэнэ

Ард түмэн баян ч бай, буурай ч бай

Амраг сэтгэл гэнэн ч бай, хашир ч бай

Амьдрал гэдэг авралын эрдэнэ

Уйлж майлсан улаан нялцгайг

Унтах нойргүй тэврэн цөхрөвч

Уураг сүүгээ шимүүлж хайрла

Уяхан дуугаараа бүүвэйлж  өршөө

Өнөөгийн өдрийн баяр баясгалан

Өтлөх насны бахархал итгэл

Үр хүүхдээ өсгөнө гэдэг

Үе удмын минь үндэс эрдэнэ.

Алаг хорвоод амьдарч явахад

Аз жаргалаар бялхан байлаа ч

Амь дүйсэн хүндхэн үед ч

Адилтгаж болшгүй аав эрдэнэ

Амьдралын туршид ганцхан шүү.

Энэ л дэлхийд гишиглэж  явахад

Эрх дураараа дургин байлаа ч

Эндэж алдаж зовохын цагт ч

Ижилтгэж болшгүй ээж эрдэнэ

Энэ л яваад ганцхан шүү.

Айл өрхийн нэрийг өргөж

Амраг ханийн нөхөр болсон ч

Ард түмний итгэл хүлээсэн

Албан тушаалын эзэн байлаа ч

Аавынхаа өмнө хүүхэд шүү чи минь

Ай хөөрхий хүн эрдэнээ

Төрөл садныхаа дунд түвшин л яваарай хөө

Төр түмнийхээ өмнө үнэнч л яваарай хүү минь

Буруу зөвийн ялгааг мэдэрч

Будлиж алдаж хашир болсон ч

Буйртай хүний нэгэн гэгдсэн

Буман шавьтай багш байлаа ч

Буурлуудын өмнө хүүхэд шүү чи минь.

Ай хөөрхий хүний үрсээ

Аяга дүүрэн сүү шиг мэлтэлзэж л яваарай хөө

Алд цэнхэр хадаг шиг намилзаж л яваарай хүүхэд минь

Эгэл түмний итгэл хүлээж

Эрүүл энхийн манаанд зогсовч

Эр хүний өвдөг түшиж

Эзэгтэй хүний эрхийг эдлэвч

Ээжийнхээ өмнө хүүхэд шүү чи минь

Ай хөөрхий хүн эрдэнээ

Аавынхаа хайрласан хайр шиг бадарч л яваарай хөө

Ээжийнхээ өргөсөн сүү шиг цацарч л яваарай хүүхэд минь

Танайх манайх гэлтгүй

Хүний минийх ялгаагүй

Хүн төрөлхтний төлөө сүүгээ өргөнөө ээж нь.

 

6 хүүхдийн ээж, 23 ач, зээгийн эмээ Жамбын Аривжих